Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Д.Ганбатыг ХЗБХ-ны дарга байхад үзүүлсэн Өршөөлийн хуулиас болж “Саарал жагсаалт“-д орсон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар болон УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн юм.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: Өршөөлийн хуулиар хэчнээн хүн суллагдах вэ. Тэгээд хэдэн хүн хорих ангид үлдэх вэ.

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР: Зургаадугаар сарын 24-ний байдлаар хорих ангид 4154, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж буй 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан 4529 буюу нийт 9997 ялтан байна. Энэ хууль батлагдсанаар нийтдээ 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэнэ. 469 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасна. Хоёр жилийг нь хассанаар хэдэн хүн магадлангаар суллагдахыг бид мэдэхгүй. Шүүх магадлан хийнэ. Өсвөр насны 25 хүүхэд суллагдана. Нийт 1013 хүн хамрагдаж байна. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авагдсан 3915 хүмүүс хамрагдаж байгаа.

Өмнөх Өршөөлийн хуулиудаас хүрээ хязгаар нь хумигдсан. Албан тушаалын хэргүүд огт хамрагдахгүй. Тодруулбал, 22 дугаар бүлэг бүхэлдээ хамрагдахгүй. Мөн ФАТФ-ын зөвлөмжийн дагуу эдийн засгийн суурьтай гэмт хэргүүд, байгаль орчин, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд хамрагдахгүй. Нийт ялтны 16.7 хувь нь өршөөлд хамрагдана.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: Нийт ялтны 16.7 хувь гэхээр бага биш үү. Одоо олигтойхон шиг хууль баталмаар байна.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Д.Ганбат гишүүнийг ХЗБХ-ны дарга байхад 2015 онд үзүүлсэн Өршөөлийн хуулиас болж, Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсон. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй орны жагсаалтад орсон. Тэгэхээр бид эргээд ФАТФ-ын хар, саарал жагсаалтад ороход асуудалгүй гэж үзэж байгаа бол энэ хүрээ хязгаараа тэлж болно. Би мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний хороог ахалдаг. Бид 2022 онд ФАТФ-т тайлангаа хүргүүлж, 2023 онд хамгаална. Бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. ФАТФ-ын 40 жагсаалтаас 3, 5, 35 шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлж, энэ өршөөлийн хууль гарсан гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: Х.Нямбаатар сайдыг ойлгож байна. Эрсдэл, болгоомжилсон зүйл байгаа байх. Гэхдээ би өнөөдрийн хоригдож бариад байгаа, ял шийтгэл авсан хүмүүсийг болон Монгол Улсыг ФАТФ-ын жагсаалтад ортол хууль гаргасан гэж бодохгүй байна. Энэ шал өөр нөхцөл байдалтай. Тэр хүмүүс чинь баригдаа ч үгүй. Мөнгөө угаагаад л явж байгаа. Харин ядарсан, зүдэрсэн хүмүүс хэлмэгдээд орсон зөндөө зүйл бий гэв.

Ингээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжиж, Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ.

"Жирэмсэн эхчүүдэд халдварын шинж тэмдэг арай бүдэг мэдрэгдэж байна"
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.