Коронавирусийн халдвар авсан жирэмсэн болон төрсөн эмэгтэйд үзүүлэх тусламж, анхаарах зүйлсийн талаар ЭХЭМҮТ, ЭБЭЭ-ийн зөвлөх эмч С.Хишгээ мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улсын хэмжээнд 2200 жирэмсэн эмэгтэй коронавируст халдвараар өвчилсөн байна. Нийт халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 86 хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 1.9 хувь нь жирэмсэн эмэгтэй байна.
Жирэмсэн эхчүүдэд халдварын шинж тэмдэг арай бүдэг мэдрэгдэж байна. Тийм учраас ханиалгах, халуурах, амьсгаадах, хоолой өвдөх, булчин, өвдөх, амт үнэр мэдрэхгүй байх шинж тэмдгүүд бүгд зэрэг илрэхгүй. Ханиалгах, толгой өвдөх шинж тэмдэг 20 орчим хувьтай илэрч байна. Өөрөөр хэлбэл 100 хүний 20-д нь л ханиалгах эсвэл толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Дур мэдэж гэрээр өөрийгөө эмчлэхгүй байх хэрэгтэй. Үүнээс болж биеийн байдал хүнд болж эмнэлэгт ирж байна" гэв.