Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Цэцэрлэг болон бага ангийн багш болох сонирхолтой хүмүүсийн тоо багасч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 58 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдөр Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, Боловсролын индексээрээ 189 орноос 103-т, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49-д, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59-д орж байна. 2018 онд хийгдсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээ илтгэж байна.

Иймд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилтыг биелүүлэх, боловсролын салбарыг орчин үеийн чиг хандлагад тулгуурлан хөгжүүлэх, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг шинээр тодорхойлох, сургалтын чанар, агуулгыг хүний хөгжил, улс орны хөгжлийн ирээдүй, өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, цаашдын төлөв байдалд нийцүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаадлага үүсэн гэж үзэж байна" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Манай боловсролын хууль бусад хуулийг дагаж өөрчлөгдсөөр байгаад эрэмдэг зэрэмдэг болсон. Тиймээс боловсролын тухай багц хуулиа оруулж ир гэж зөндөө хэлж байсан. Одоо л орж ирж байна. Сингапур, Фянланд, Япон зэрэг орнууд боловсрол, хүнийхээ оюун ухаанаар өнөөдөр улс орноо өндөр аваачсан байна. Гол нууц нь багштайгаа ноцолдсон байдаг. Сайн багшаас сайн боловсон хүчин гарч ирнэ. Багш бэлтгэх тогтолцоогоо санхүүгийн болон эрхзүйн хувьд ямар бодлого орж ирж байгааг асуумаар байна" гэлээ.

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын хуулийн хамгийн гол амин сүнс нь багш, багшийг бэлтгэх, багшийг хөгжүүлэх тогтолцоог одоогийн байгаагаас шинэ шатанд гаргах юм. ЕБС, сургуулийн өмнөх боловсролд 40 гаруй мянган багш сурган хүмүүжүүлэгч байна. Чадлынхаа хэрээр, авч байгаа цалингийнхаа хэрээр л ажиллаж байгаа. Хамгийн гол асуудал нь ойрхон ойрхон хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн. Мөн сургуулийн 7 насыг 6 болгож, 10 дугаар анги төгсдөгийг 12 болгосон. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэлийг дагаад сурах бичиг, арга зүй, багш бэлтгэх ёстой зүйлүүд нь хийгдэж чадаагүй учир боловсролын салбарт томоохон сорилтууд үүссэн болов уу. Монгол Улсад 40 сургууль магадлан итгэмжлэгдээгүй хөтөлбөрөөр багш бэлдэж байна. Ямар хөтөлбөрөөр ямар багш бэлдээд байгаа нь ойлгомжгүй. Мөн сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багш болох сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд багасч байна. Энэ нь мэдээж ажлын ачаалал, цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаатай холбоотой. Тэгэхээр бид хуулиндаа багш бэлтгэх сургууль, хөтөлбөрүүд заавал магадлан итгэмжлэгдсэн байх ёстой зохицуулалтыг хийж өгч байгаа" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

"Халдвараар хөнгөн өвдсөн ч эрхтний дутагдлаар нас барах тохиолдлууд байна"
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.