Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халдвараар хөнгөн өвдсөн ч эрхтний дутагдлаар нас барах тохиолдлууд байна“

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
7 минут 1 секунд

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо сүүлийн 20 хоногийн хугацаанд өдөрт тогтмол 10-аар нэмэгдэж, өчигдрийн байдлаар нийт 548 хүн уг өвчний улмаас нас бараад байна. Нас баралтын нийтлэг шалтгаан болоод түүний эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга замууд зэрэг сэдвээр МУИС-ын Биологийн тэнхимийн багш, генетикч, доктор Ж.Хулантай ярилцлаа.

-Коронавирусийн халдвараар нэн хүнд өвчилсөн хүмүүсийн тоо буурахгүй байна. Үүнийгээ дагаад нас баралт ч их гарч байна. Одоогийн байдлаар эдгэрээд нас барсан тохиолдол бүртгэгдсэн болов уу, та судалж үзэв үү?

-Коронавирусийн халдвараар хөнгөн туссан ч гурван сарын дотор нас барж байгаа тохиолдлууд байна. Үүн дээр олон улсын эрдэмтэд судалгаа хийхэд энэ нь тромбоз буюу бүлэгнэлээс шалтгаалсан байдаг. Дотор эрхтэний дутагдалд ороод, дотор эрхтэн цусаа авч чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдаж байна.

-Тромбозыг хэрхэн эмчилдэг юм бэ?

-Аспирин. Италийн эмч нар аспирин уухад цусны бүлэгнэл үүсэхгүй байгааг хэлж байгаа. Тус улсын Эрүүл мэндийн яамны эмчилгээний зөвлөмжид аспириныг оруулсан байдаг. Аспирин ууж байгаа хүмүүс аппаратанд ортлоо хүнд өвчлөх магадлал нь харьцангуй бага байна.

Тромбоз буюу бүлэгнэл нь цусан дахь холестериноос үүсдэг. Ингэснээр холестериний хэмжээ өндөр хүмүүс түүнийгээ бууруулсанаар бүлэгнэл багасна. Тиймээс хүмүүс цус шингэлдэг бүтээгдэхүүнүүд болох гүзээлзгэнэ, бөөрөлзгөний чанамал зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

Халдвар аваагүй үедээ л эдгээрийг зөв зохистой хэрэглээд хэвших хэрэгтэй. Ковид-19 вирус чинь цус өтгөрүүлэгч 30 гаруй уургийн нийлэгжлийг өдөөдөг байгаа юм.

-Яг энэ тохиолдлоор хэчнээн хүн нас бараад байгаа юм бэ?

-Монголд ковидоор нас барж байгаа ихэнх хүний нас баралтын шалтгаан нь үүнтэй холбоотой. Хүндрэлийн шалтгаан нь энэ юм. Ковидоор өвчлөхөд 20 гаруй синдром үүсдэг. Эдгээрийн ихэнх нь тромбозоос болж үүсэж байгаа юм.

Жишээ нь, хүний зүрхний ойр орчимд судас үрэвсээд тромбоз үүсэхэд зүрх үхэжнэ. Элэгний ойр хавьд тромбоз үүсэхэд элэг үхэжнэ. Цусаа авч чадахгүй байна гэсэн үг. Иймээс бид юун түрүүнд тромбозтой тэмцэх хэрэгтэй. Үүний тулд төмрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээ багасгах, өөрөөр хэлбэл улаан өнгөтэй мах идэхээ багасгах шаардлагатай.

Долоо хоногт ихдээ гурваас дөрвөн удаа улаан өнгөтэй мах хэрэглэж, үлдсэн өдрүүдэд цагаан өнгийн мах, эсвэл бусад зүйлсийг хүнсэндээ хэрэглэх нь зөв. Бууцай, гурвалжин будаа, мөөг, алим зэрэг нь төмрийн агууламж өндөр бүтээгдэхүүн юм. Эдгээрээс татгалзах хэрэгтэй. Ковидтой зохицож амьдрах шаардлага үүсээд байна.

-Ковидтой зохицож амьдрахад өөр юуг анхаарах вэ?

-Томуу, томуу төст өвчнүүд мутацид орохдоо амархан байдаг. Үргэлжид бидний дэргэд янз бүрийн мутацид орон оршсоор байх учраас бэлтгэлтэй амьдарч сурах, амиа аварч үлдэх аргад сурах шаардлагатай. Миний бодлоор энэ асуудлаар манай улсын Засгийн газар хүчин төгөлдөр бус. Тийм учраас иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Иргэдийн мэдлэгийн түвшингээ тодорхой хэмжээнд дээшлүүлэх шаардлагатай.

-ХАЛДВАРААС НАС БАРСАН ХОЁР САРТАЙ ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЖ БАЙСАН БОЛ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ БОЛОХГҮЙ БАЙХ БАЙСАН-

-Саяхан хоёр сартай хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Үүний шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Донор эхийн сүү хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зургаа хүртэлх сартай хүүхдүүд өөрийн дархлаагүй, эхийнхээ дархлаагаар хамгаалагдаж байдаг. Тиймээс вакцин тариулсан буюу цусанд нь эсрэг бие тогтсон эхийн сүү өгмөөр байгаа юм. Хэрэв саяын тохиолдолд вакцин тариулсан хөхүүл ээжийн сүүгээр тухайн нярайг хооллож байсан бол энэ харамсалтай явдал болохгүй байх магадлалтай байсан.

-Нас баралтын өөр бусад шалтгаан бий юу?

-Дараагийн шалтгаан бол дархлааны хэт идэвхжлээр нас барж байгаа хүмүүс байна. Дархлаагаа ихэсгэх, багастах тухай ярьж болохгүй. Дархлаагаараа хамаагүй оролдож болохгүй. Дар хэт өдөөснөөр амь насанд хүрэх аюулд ч өртөж байна. Өндөр настай хүмүүсийн хувьд эсрэг бие нь нийлэгжээд нас барж байна. Дархлаагаа ихэсгэж багасгаснаас болж зөвхөн өндөр настнууд ч бус залуус, хүүхдүүд хоорондоо төстэй ч өөр өөр замаар амь насаа алдаж байна.

Мөн уушги үрэвсээд бактери уушги дотор их үржиж байна. Үүнд өгөх зөвлөгөө бол ковид туссан эхний өдрөөс л хөнгөн байгаа дээр нь инфра рэд буюу инфра улаан гэрлээр шарах нь зүйтэй. Энэ нь нарны инфра туяа байгаа юм. Гэхдээ гэрлээр шарж байна гээд бага насны хүүхдэд нөгөө гэрлээ бүр наагаад байж болохгүй.

Зайгаа зөв авах хэрэгтэй. Халуун учраас түлэгдэх аюултай. Энэ гэрлийг толгойн дээр нь дэр тавьж байгаад ардаас нь шарж ашигладаг. Хэрэв урдаас нь буюу цээжин хэсгээр нь шарах шаардлагатай бол зүрхэн хэсэг дээрээ заавал юм тавих ёстой. Энэ гэрлийг ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, ИДЭЭТ ҮРЭВСЭЛТЭЙ ХҮМҮҮС, ХАВДАРТАЙ ХҮМҮҮС энэ гэрлийг хэрэглэх хориотой.

-Коронавирус халдвар аваад эдгэсэн хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Халдвар тусаад эдгэсэн хүмүүс уушгины дасгал хийх хэрэгтэй. Гэхдээ хүнд биш, хөнгөн дасгал хийнэ. Гараа хоёр тийш болгон цээжээ тэлээд өгөхөөр уушги маань тэнийдэг. Энэ мэт хөнгөн дасгал хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, халдварт өртсөний дараа хүн хордлого ядаж хар нүүрсэн эмээ уугаад хордлогоос гарах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

"Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийг маш бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ"
 
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.