БНСУ-д Монгол Улсын иргэн, 50 настай эмэгтэй Б бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаагийнхан уг хэргийг шалгаж, хэрэгтнийг илрүүлэн баривчилсан байна. Уг этгээд нь 50-иад насны эрэгтэй бөгөөд хохирогч эмэгтэйг таньдаг байсан ба маргалдсаны эцэст хоолойг нь огтолж хөнөөн, цогцсыг булсан байсан аж. Тус улсын цагдаагийнханы мэдээлснээр хэрэгтэн А нь тэрбээр Б-гийн цогцсыг тракторт ачин, гэрээсээ 2.2 км зайтай байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах нэгэн тариалангийн талбайд булсан хэргийг үйлджээ.
Цагдаагийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр "Эгчтэйгээ (Ээжийн талын эгч дүү) холбогдож чадахгүй байна" гэсэн Б-гийн зээ дүүгийн эрэн сурвалжлах хүсэлт, мэдээллийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан байна. Ингээд Цагдаагийн газраас А, Б нарын хоорондох утасны мессэж болон хяналтын камерын мөрдлөгөөр А-г сэжигтнээр тооцон, мөрдлөгө явуулсан байна.
Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад А нь анхандаа Б-г хаана байгааг мэдэхгүй гэж мэлзсэн боловч тодорхой нотлох баримтуудыг дэлгэхэд "Хэрэлдэж байгаад уурандаа санамсаргүйгээр хэргийг үйлдсэн" гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Мөрдөн байцаалтаар А нь "Б надтай хамт хоолны газар ажиллуулья гэхэд нь би дургүйцсэн. Гэтэл байн байн шалтгааныг асуугаад байхаар нь уурандаа түүнийг хөнөөсөн" гэж хэлжээ.
Тэд хоёр жилийн өмнөөс биесээ мэддэг болсон бөгөөд бизнесийн хөрөнгө оруулалт болон мөнгө төгрөгний асуудлаас болж сүүлийн үед маргалдах болсон тухай цагдаагийн газраас мэдээлэв.
Одоогоор БНСУ-ын цагдаагийн газар хэрэгтэн А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.