Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би цаг ямагт үнэн байж, өөрийнхөөрөө байхыг хичээдэг”

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
13 минут 56 секунд

Нийгэм, цаг үеийг байлдан дагуулж, залууст шинэ эриний зөв хандлагыг түгээж буй нэгнийг онцлох “Ubn story” булангийн анхны дугаарын зочноор кино урлагийн салбарт бүтээсэн дүр бүрээ эрч хүч, авьяас билгээр тод гэгч нь амилуулж яваа залуу жүжигчин Р.Нандинцэцэгийг урьж оролцууллаа. Тэрбээр 2018 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй дэлгэцийн уран бүтээл, кино контентод гол болон туслах дүр бүтээжээ. Кино урлагийн салбарт өөрийн авьяас чадвараа сорьж яваа жүжигчин бүсгүйтэй олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-Жүжигчин Р.Нандинцэцэгээр сонин ЮУ БАЙНА?

-Саяхан “Гэнэтийн зочид” олон ангит киноныхоо зураг авалтад орж дууссан. Одоогоор амралтын байдалтай, ажиллаж амьдраад л байж байна даа.

-Жүжигчин мэргэжил таны хүсэж дурласан мэргэжил мөн байсан уу?

-Бага байхдаа бусад хүүхдүүдийн л адил жүжигчин болно гэж нууцхан мөрөөддөг байсан. Амьдрал дээр гарахад гадаад хэл хэрэгтэй гэж бодсон учраас ШУТИС-ийн лицейд орсон. Сургуулиа төгсөх жилээ инженер болох талаар бодож үзсэн.

Яг үнэндээ чин сэтгэлээсээ хүсэж сонгосон мэргэжил маань жүжигчин байгаагүй. Сонирхоод, өнгөц талаас нь хараад орчихсон учраас анх СУИС-д очиход маш хэцүү байдаг байсан. Яах гэж энэ мэргэжлийг сонгосон талаараа бодож байсан үе ч надад бий. Гэвч эзэмшсэн мэргэжил минь намайг ажил, амьдрал дээр хөтөлж яваа учраас мэргэжилдээ хайртай, дуртай.

-Зөвхөн жүжигчин гэх мэргэжлээс авч чадах онцгой мэдрэмж нь юу байдаг вэ?

-Хүн бүр урлагийн тэр тусмаа жүжигчний мэргэжилд дуртай байдаг шүү дээ. Хүүхдүүдийн багаасаа хүсэж дурладаг хэдхэн мэргэжлийн дунд жүжигчний мэргэжил багтаж л байдаг. Мэргэжилд минь хэцүү зүйл, шантрах үе ч зөндөө гардаг. Гэхдээ сайхан мөчүүд нь түүнээс олон гэж боддог. Кино уран бүтээлийг хэдхэн жүжигчин нийлээд хийчихдэг ажил биш шүү дээ.

Жүжигчдээс гадна тухайн уран бүтээлийн ард арын албаны маш том баг ажилладаг. Нүүр хувиргалт, хувцас хэрэгсэл, зураачийн баг гэх мэт. Нэг баг болон ажиллаж буй эдгээр хүмүүсийн хайранд бөмбөрдөг гэж хэлж болох юм. Зураг авалтын талбайд очиход тэр хүмүүст итгэж, юунд ч санаа зовохгүй байж чаддаг. Үргэлж хайр халамжаар цэнэглэдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг нь энэ мэргэжлээс авч чадах хамгийн сайхан мэдрэмж гэж боддог. Нөгөө талдаа маш сонирхолтой, цагт баригдахгүй, уйдах завгүй мэргэжил.

-Амьдралдаа авсан хамгийн том сургамж тань юу байв?

-Амьдралдаа авч байсан хамгийн том сургамж нь амьддаа бие биенээ хайрлах. Аав минь намайг сургуулиа төгсөх жил бурхан болсон. Аавыгаа хайрлаж, хайртай шүү гэдэг үгийг хэлж байгаагүй юм билээ. Хайртай гэх ганцхан үгийг хэлэлгүй, тоолгүй явах үед минь аав минь бурхан болсон. Тиймээс ижий, аавыгаа хайрлаж, хайртай гэдэг үгийг үргэлж хэлж байгаарай гэж залуустаа хэлье. Амьддаа бие биенээ хайрлаарай.

"ЖИНХЭН УРАН БҮТЭЭЛЧИЙН МИНЬ ГАРАА "ХӨХӨӨНИЙ ҮҮР"-ЭЭС ЭХЭЛСЭН"

-Саяхан “Гэнэтийн зочид” кинонынхоо зураг авалтыг дуусгасан гэж сонссон. Ер нь, бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл, олон ангит кино хоёрын хоорондын ялгааг юу гэж харав?

-“Гэнэтийн зочид” кино маань 24 ангитай. Кино зохиолын хувьд материаж ихтэй. Нэг анги нь цаг гарангийн материажтай. Өөрөөр хэлбэл, 24 бүрэн хэмжээний кинонд тоглож байна гэсэн үг. Олон ангит киноноос хурд гэдэг зүйлийг л их сурч авсан. Олон ангит кино учраас зураг авалт ихтэй, хурдан хугацаанд текстээ суулгаад жүжиглэнэ гэдэг жүжигчин хүнээс их хурд шаарддаг юм билээ. Өдөрт намайг хэдэн удаа хувцсаа сольсон гэж бодно /инээв/. Түүнчлэн камер, гэрлээ мэдрэх, нөгөө жүжигчнээ хаахгүй байх гэх мэтчилэн маш их туршлага хуримтлуулсан уран бүтээл байлаа.

-Хамгийн анхны гол дүрээ оюутан байхдаа “Орилоон” аймшгийн кинонд бүтээсэн. СУИС-ийн багш нар оюутнуудаа хичээлийн хажуугаар кино уран бүтээлүүдэд тоглоход дургүйцдэг гэх яриа байдаг. Анхны кинондоо тоглох үед багш нар нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний хувьд “Орилоон” киноны гол дүрд тоглох үед дөрөвдүгээр курсийн оюутан байсан. Киноны маань зураг авалт долоо хоног үргэлжилсэн. Сургуулиа төгсөх гэж байсан үе учраас багш нар маань ч дэмжиж, хичээлээсээ чөлөө авч зураг авалтдаа оролцож байсан юм.

-Хүмүүс аймшгийн кинонд жүжигчид нь өөрсдөө хэрхэн тоглодог бол гэдгийг их сонирхдог шүү дээ?

-Аймшгийн кинонд тоглох нь аймар байх гэж хүмүүс боддог байх. Энэ төрлийн кино нь энгийн уран сайхны уран бүтээлүүдтэй харьцуулахад орчин нөхцөл нь өөр шүү дээ. Харанхуй, сүүдэртэй, хүйтэн газарт ихэвчлэн зураг авалт нь үргэлжилдэг. Орчин нөхцөл, зураг авалтын ерөнхий байдлаас харвал жаахан хэцүү талдаа байдаг.

-Жүжигчид кино уран бүтээлд тоглохдоо кино зохиолыг их уншиж, судалдаг байх. Өөрийн тань хувьд “Хөхөөний үүр” кино уран бүтээлийн зохиолыг уншаад анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-“Хөхөөний үүр” бол миний хоёр дахь уран бүтээл минь. Зохиол дээрээ 70 гаруй сценитэй байснаас надгүй сцени бараг байгаагүй. Зохиолоо анх уншиж үзэхэд төрөх, хүүхдээ тэврээд эрдэнэ шишийн талбайн дундуур гүйх зэрэг бодохоос ч хэцүү хэсгүүд их байсан шүү. Их чадвар шаардсан дүр учраас чадах болов уу гэж эмээх сэтгэл төрж байсан. Гэхдээ маш их хичээж, өөрийгөө бэлдсэн. Чадах болов уу гэх айдастайгаа нүүр тулж, уран бүтээлийнхээ ард гарч чадсандаа сэтгэл хангалуун байдаг.

-“Хөхөөний үүр” кино өөрийг тань их эвдэж, сорьж чадсан уран бүтээл болсон юм шиг санагдсан?

-Миний хамгийн хайртай уран бүтээл бол “Хөхөөний үүр” уран сайхны кино. Уран бүтээлийнхээ гарааг энэ киноноос л эхлэлтэй гэж хардаг. Учир нь залуу уран бүтээлчийн минь хувьд авьяас, чадварыг минь шахсан, хүнд зураг авалт ихтэй кино байж чадсан.

-БНХАУ-д киноны зураг авалт явагдсан юм билээ. Зураг авалтын явцад эрдэнэ шишийн талбайгаар гүйдэг хэсэг их хүнд харагдсан шүү?

-Тийм ээ. Тухайн үед хиймэл бороо оруулах гэж өдөржингөө худгийн хүйтэн усаар шүршсэн. Гэтэл өдөржингөө тэр хүйтэн бороонд норж зогссон. Бас эрдэнэ шишийн талбай дундуур гүйхэд модных нь навчнууд өргөс шиг үстэй. Хажуугаар нь явахад навчинд арьс хатгуулж, бас их зүсэгдсэн. Зураглаач нар маань намайг дагаж тэр талбай дундуур гүйгээд л. Зураглаачдын гар хүртэл түлэгдээд, улаан эрээн болчихсон байсан.

-Туршлагатай хүмүүстэй цуг кино зураг авалтад ажиллахад зөвлөгөө их авч чаддаг уу?

-Мэдээж туршлагатай хүмүүстэй ажиллах нь миний хувьд маш их аз завшаан гэж хүлээж авдаг. Ер нь зураг авалтын явцад өгөө, аваа гэж зүйл бий. Хамт жүжиглэх үедээ нөгөө хүнээ уйлуулах гэж байвал тээш өгдөг гэх мэт. Энэ бүхнээр нь залуу уран бүтээлчид их олзуурхан хүлээж авдаг.

-Залуу уран бүтээлчийн хувиар жүжигчин мэргэжлийг сонгохоор зорьж буй хүүхэд залууст хандаж хэлэх зүйл бий юу. Ер нь жүжигчин хүнд байх ёстой ур чадварыг юу гэж тодорхойлох вэ?

-Инстаграм, фэйсбүүк хуудсаар хүүхдүүд энэ талаар маш их асуулт илгээдэг. Миний хувьд өөрт олон жилийн туршлага байхгүй учраас сайн зөвлөж чаддаггүй. Гэхдээ жүжигчин мэргэжил бол өнгөн талдаа харагддаг шиг амар мэргэжил биш гэдгийг хэлмээр байна. Хэрвээ чин сэтгэлээсээ энэ мэргэжлийг сонгосон бол бүх зүйл дээр үнэн байгаарай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байхад ажил, амьдрал аандаа бүтээд ирдэг юм шүү.

“БИ ЦАГ ЯМАГТ ҮНЭН БАЙЖ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ”

-Гэр бүлийнхэн нь жүжигчин мэргэжлээр суралцах шийдвэрийг тань хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Гэр бүлийнхэн маань миний сонголтыг үргэлж хүндэтгэж ирсэн. Сонголтод маань гэр бүлийн зүгээс нөлөөлөх гэсэн үйлдэл гаргаж байгаагүй. ШУТИС, СУИС-ийн хуваарьт хоёуланд нь тэнцсэн байсан. Ээж маань өөрөө л сонголтоо хийх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн.

-Жүжигчид олон салбарын янз бүрийн ааш зантай хүмүүстэй харилцдаг. Ер нь хүмүүстэй харилцах, арга эвийг олох, ярилцах тал дээр өөрөө хэр нээлттэй хүн бэ?

-Жүжигчний мэргэжил эзэмшиж буй хэн ч хүнтэй харьцах харьцааг сурдаг. Түүнчлэн чөлөөтэй байдал, хүний арга эвийг олох тал дээр сайн суралцдаг гэж хэлж болно. Тийм ч учраас олон хүнтэй харьцах тусам харилцаа, нээлттэй байдал маань сайжирдаг гэсэн үг. Миний хувьд таних, танихгүй хүмүүстэй нэг уран бүтээлд хамтран тоглоход нөгөө хүмүүсийнхээ арга эвийг олж, ааш зан бүрт нь тохируулж харьцахыг хичээдэг.

-Тоглож байсан дүрүүдээс Р.Нандинцэцэг гэх хувь хүний зан характертай төстэй гэж хэлж болохоор дүр байсан уу?

-Ерөнхий найруулагч нар анх дүр өгөхдөө ерөнхий дебаж, хувь хүнийх нь зан чанарыг харж сонгодог. Миний тоглож байсан дүрүүд ихэвчлэн надтай зан чанар, харахтерийн хувьд адилхан байсан гэж боддог. Би цаг ямагт үнэн байж, өөрөөрөө байхыг хичээдэг. Хэт жүжиглэх гэхээсээ илүү өөрт байгаа зан чанараа гаргаж тодотгохыг хичээдэг.

-Жүжигчдийг тоглосон дүрүүдээр нь төлөөлүүлэн харах хүн байхад шууд дүгнэдэг хүмүүс ч бий. Ер нь жүжигчин Р.Нандинцэцэг амьдрал дээр ямар зан характертай хүн бэ?

-Тоглосон дүрүүд маань миний ааш, зан характераас хол зөрөхгүй болов уу. Аливаад үнэн, өөрийнхөөрөө байх дуртай. Их зантай гэж харах хүмүүс байдаг байх. Гэхдээ надад их зан байхгүй шүү /инээв/. Би аль болох чөлөөтэй, хүн бүртэй сайхан харьцахыг хичээдэг. Мэргэжлийн давуу байдлаа ашиглан амбиц хөөх дургүй.

-Олон нийтийн зүгээс ирэх санал, сэтгэгдэл, шүүмжийг хэр хүлээж авдаг вэ?

-Хүлээж авдаг шүү. Алдааг минь хэлбэл хүлээж авч, дараагийн удаа алдахгүйн төлөө хичээдэг. Мэдээж хүн бүрийн амьдрал сайнтай, муутай шүү дээ. Бүх зүйл хоёр талтай гэдэг. Хүмүүс үргэлж надад сайн, сайхан үгс хэлж хандахгүй. Ер нь тухайн хүнд таалагдах, таалагдахгүй нь намайг харах түүний өнцөг. Тийм ч учраас мэргэжил минь олны нүдэн дээр ил байдаг хойно дасан зохицож, санал шүүмжлэл бүрийг хүлээж авахыг эрмэлздэг дээ.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Залуу хүн эрч хүчтэй байхдаа гоё шүү дээ. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, үргэлж цоглог эрч хүчтэй байгаарай гэж хэлмээр байна. Ер нь өөдрөг байвал бүх зүйлс аяндаа бүтдэг юм шиг санагддаг. Үргэлж өөдөө тэмүүлэлтэй, аз жаргалаар дүүрэн хичээгээрэй залуус аа.

-Ярилцсанд баярлалаа.

СУРВАЛЖИЛГА: Хөл хорионы үед 500 сая төгрөгийн алдагдал хүлээсэн
СУРВАЛЖИЛГА: Хөл хорионы үед 500 сая төгрөгийн алдагдал хүлээсэн "THE LOF" үүдээ нээлээ
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.