Сүхбаатарын талбайд өнөөдөр баярын, маргааш нь гашуудлын жагсаал болдог уламжлал тогтлоо. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадын дараа коронавирус халдварын улмаас нас барсан иргэдэд гашуудал илэрхийлж иргэд талбайд нэгдсэн бол өнөөдөр үйл ажиллагаа нь тасалдаж хүнд байдалд орсон бизнес эрхлэгчид "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнд нэгдэж өөр нэгэн "гашуудал"-ыг илэрхийлэв.
Манай сурвалжлах баг өнөөдөр "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнийг төв талбайгаас сурвалжиллаа. Хөдөлгөөнд нэгдсэн бизнес эрхлэгчдийн зүгээс аж ахуйн нэгжүүдээ ялгаварлан гадуурхахгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байгаа аж.
Энэ үеэр иргэн Б.Бат-Эрдэнэ "Би караоке ажиллуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж ирлээ. Манай байгууллагын хувьд эхэн үедээ ажилчдынхаа цалингийн тодорхой хувийг өгдөг байсан. Хөл хорионы давтамж ихсэх тусам ажилчдын цалин, түрээс, бараа материал гээд олон асуудал гарч эхэлсэн" хэмээн ярилаа.
Мөн "Энэ бүх асуудлыг ярилгүй хоёр жил орчим боллоо. Би гурван хүүхэдтэй. Миний гурван хүүхдэд төр, засгаас мөнгө өгөөдөх гэж би хэлэхгүй. Би ажлаа л хиймээр байна. Энэ үгийг хэлэх гэж л энд ирсэн" гэж иргэдийн төлөөлөл Х.Өсөхболд хэллээ.
Тэгвэл илбэчин Э.Манчир "Би ресторанд илбэ үзүүлдэг юм. Хүмүүс, хүүхдүүдийг хөгжөөх соёл, урлагийн төрлийн ажил эрхэлдэг. Нэг жил зургаан сарын хугацаанд бараг ажилгүй байлаа. Нэг нээгээд буцаагаад хаагаад байгаа болохоор тогтвортой ажлаа хийх нөхцөл алга" гэв.
Харин эмч мэргэжилтэй иргэн С.Ундрам "Би эмнэлгийн байгууллагад ажилладаг хэдий ч энд үзэл бодлоо илэрхийлэхээр иргэн хүнийхээ хувьд ирсэн. Халдварын тохиолдол өсөхийн хэрээр эмнэлгийн ажилчид ачааллаа дийлэхгүй, өвчин тусаж байна. Үүнээс болоод хүний нөөцийн дутагдалд орж байна. Тэнд ажиллаж байгаа эмч өвдөхөд үндсэн цалингаа ч авч чадахгүй байна" гэв.
Бизнес эрхлэгчдийн төлөөлөл О.Үзмээ "Манайх 15 ажилтантай байсан. Одоо эхнээсээ гарсаар байгаад тав, зургаа л үлдчихсэн байна. Тэр хэд маань хэзээ онгойх бол гээд хүлээж сууна" гэлээ.
Хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг комедиан Д.Амартүвшин “Флашмоб бол урлагийн төрөл. Энэ бол жагсаал, цуглаан биш. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгарч байгаа асуудлаа цаасан дээр бичээд аваад ирсэн. Ингээд халдвар хамгааллын дэглэмээ бариад флашмоб хийж байна.
Уг нь бид төр засгаас гуйх ёсгүй. Ажлын байр бий болгож, татвар төлж байгаагийнхаа хувиар энэ хүнд үед ажлаа явуулах эрхтэй. Тиймээс гурван шаардлага тавьж байгаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдэд, 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэхэд бэлэн байна. Төр засаг вакциндаа итгэж байгаа бол, 1024 бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлуулаад зохион байгуулж чадаж байгаа бол үйлчилгээний байгууллагууд мөн үйл ажиллагаа явуулах боломж олгох ёстой" хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Аж ахуй эрхэлдэг бизнес эрхлэгчид энэхүү "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнөөрөө өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн Улсын Онцгой комисс болон Засгийн газарт шаардага хүргүүлж байгаа бөгөөд шаардлагыг нь хүлээж авахгүй бол ирэх долоо хоногийн даваа гарагт эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэдлээ.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан
Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр