Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Эрдэнэсайхан: Монголд очихоороо “Eddie maaz talk” нэртэй телевизийн нэвтрүүлэг хийнэ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
12 минут 13 секунд

Элэглэгч Эрдээ нэрээр цахим орчинд нэгэнт танидсан БНСУ-д ажиллаж, амьдран суугаа Монгол залуусын төлөөлөл Э.Эрдэнэсайхантай ярилцлаа. Түүний Монголын анхны элэглэгч Эрдээ нэртэй цахим хуудсыг анх хараад өөрийгөө анхны элэглэгч хэмээн зарласан сүрхий "амбицтай" нэгэн гэж бодож байтал Монголын сагсны анхны элэглэгч гэх гэж байгаад сагсны гэдгийг нь мартаж нээгээд одоог хүртэл тэр чигээрээ явж байгаа, санаа зовоод байдаг юм хэмээн ярьж буй түүнтэй ярилцахад Монгол хүний шогч зан, өөрийгөө хойш тавин өрөөлийг урд тавьдаг уужуу сэтгэл нэвт ханхалж байв. Ингээд түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Эрдэнэбаярын Эрдэнэсайхан гэдэг. Дархан хотын уугуул хүүхэд. Сагсан бөмбөгийн спортын мастер. Солонгос улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна. Энд ирээд нэлээд хугацааг өнгөрүүлжээ. 10 жилээ Дархан сурч төгсөөд 2001 онд Улаанбаатар хотод оюутан болж орж ирээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн.

-Оюутан байхдаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан гэж дуулсан?

-Тийм. Би ХҮДС-ийг тухайн үедээ тийм мундаг сургууль гэж мэддээгүй. Математикдаа тааруу болохоор МУИС-д орохгүй, шугам зургийн хичээлдээ муу учраас ШУТИС-д орохгүй. Ямартай ч өөр сургуульд орно гэж бодоод оноондоо тааруулаад сургуульд орсон нь ХҮДС байж таарсан. Ц.Цэвэрбал багшийнхаа багт тоглож эхэлсэн.

-Хэзээнээс сагс тоглож эхэлсэн бэ? Сагс тоглоход юу нөлөөлөв?

-Намайг бага байхад ах маань сагс тоглодог байсан. Дарханы шигшээ, ШУТИС-ийн шигшээгийн тоглогч байсан ах маань намайг сагс тоглоход маш их нөлөөлсөн. Хэдий хамаатнууд маань намайг бөх болгоно гэдэг байсан ч би тэгж их дурлаагүй. 2001 онд Өсвөрийн улсын аваргад ороод мөнгөн медаль авч шуугиан тарьж байлаа. Солонгост ирээд ирээд өөрийн нэрэмжит хоёр удаагийн тэмцээн зохион байгуулсан байна.

-NBA мэдээж үздэг л байх даа?

-Дунд ангид байхдаа зурагтаар сагс үзэж байтал нэг халзан толгойтой, өндөр нөхөр л шуугиулаад байлаа. Нэрийг нь хартал Сан Антони Спөрс багийн Тим Данкэн байж таарсан. Тухайн үед би өөрөө төвийн тоглогч байсан учраас Данкэний тоглолтыг их үзэж биширдэг байсан. Хөлийн ажиллагааг нь судлаад орой гэртээ ирээд давтдаг байлаа. Дохидог Эрдээ гээд үеийнхнийгээ бужигнуулдаг байлаа. Сан Антони Спөрс багийг олон дэмжсэн. Одоо Кавайгаа дагаад л явж байна даа.

-Солонгос улсад очоод хичнээн жил болж байна вэ?

-Хоёр оронтой тоонд орсон байна даа/инээв/. Цаг хугацаа дороо юм.

-Монголчууд Солонгост хэрхэн амьдарч байна вэ? 5-10 жилийн өмнөх нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу?

-Анх Солонгост ирээд гудамж, талбайд Монгол хүнээ харахад их сайхан байдаг байж. Одоо бол нэгнээсээ бараг зугтаж байна шүү дээ. Нэг хүнийг ажилд оруулаад өгөхөд карт аваад алга болох, нэгнээ хуурах залилах зүйлс байсаар л байна. Солонгосчуудын хувьд Монголчуудыг ажилд сайн гэдгээр нь дуртай байдаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг л муу зүйл болвол бусдыгаа чирэх гээд байдаг тал бий.

-Нэг үеэ бодвол зөвхөн ажил хийхээр бус их, дээд сургуульд сурахаар Солонгосыг зорих залуус олон болсон байна. Энэ талаар таны үзэл бодол ямар байна вэ?

-Сурахаар ирж байгаа залуус маань мундаг байна. Хүүхдүүдийг хараад байхад сурахын хажуугаар ажил хийгээд цалиндаа урамшаад хичээлээ хаях тохиолдол мэр сэр харагддаг. Ирж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд хичээлээ битгий хаяарай, хэрэв сургуулиа сайн төгсөж чадвал түүнээс илүү мөнгө олно. Битгий шантраасай гэж хэлмээр санагддаг.

-Солонгост ажиллаж байгаа хүмүүс мөнгө тарьдаг юм шиг л хүмүүс ойлгодог талаар та өөрийн бичлэгүүд дээрээ хэлж байгаа харагддаг. Амар ажил гэж хаа ч байдаггүй талаар хоёулаа яриагаа үргэлжлүүлье.

-Би ч гэсэн Солонгост ирэхээсээ өмнө яг тийм бодолтой байсан. Солонгост ажилладаг ахынхаа цалин буудаг өдрийг хүлээгээд яагаад явуулахгүй байгаа юм бол гээд их л амар юм боддог байсан. Өөрөө биеэр ирээд ойлгож байгаа юм. Монголд байгаа хүмүүстээ энд ажил хийхэд тийм ч амар биш шүү гэж хэлэх дуртай.

-Та бичлэгүүд дээрээ олон төрлийн ажил хийж байсан талаараа ярьдаг. Солонгос улсад тогтвортой ажил хийхэд хүндрэлтэй байдаг уу?

-Олон ажил хийж үзсэн гээд хэлэхээр хүмүүс буруу ойлгоод тогтвортой ажиллахад хэцүү гэж ойлгоод байх шиг байгаа юм. Би тогтвортой ажил хийдэг. Хажуугаар нь нэмэлтээр ажил хийдэг юм. Амралтын өдрөөр сонгино, сармисны ажил, айл нүүлгэлт зэрэг ажлууд хийдэг юм.

-Таныг сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог талаар сонссон энэ талаараа дэлгэрүүлбэл?

-Бага байхад NBA care гээд нэвтрүүлэг гардаг байлаа. NBA-ийн алдартай тамирчид хүмүүст тусалж байхыг хараад эд нар шиг болох юмсан гэж их боддог байсан. Хэд хэдэн удаа найз нөхөдтэйгээ нийлээд сайн үйлсийн аян өрнүүлж байсан. Сайн үйлсийн аянд аль болох оролцохыг хичээдэг.

-Чөлөөт цагаа сагсны талбай дээр болон гэр бүлтэйгээ хамт өнгөрөөж байгаа харагддаг. Гэр бүлдээ хэр зэрэг цаг зав гаргаж байна вэ?

-Амралтын өдрөөр заавал нэг удаа хөлсөө гаргаж сагс тоглодог. Мэдээж гэр бүлээрээ ойрхон агаарт гардаг. Долоо хоногтоо нэг бол заавал гарна. Долоо хоногтоо нэг гэлтгүй оройдоо хэсэг сааданд суудаг.

-Та хэзээнээс хөгжилтэй бичлэг хийж цахим орчинд цацаж эхэлсэн юм бэ?

-Биднийг бага байхад цэргийн начин А.Тэгшээ гээд бөх элэглэдэг ах хүү байсан юм. Дан бөхчүүдийг элэглэдэг тэр хүнийг хараад би яагаад сагсчдыг ингэж элэглэж болдоггүй юм бол гэж бодож байгаад 2016 онд Т.Санчирыг яг эд үедээ байхад нь элэглэж байсан юм. Тоглолтыг нь үзээд дуурайж хийгээд, Тэргүүн тоглогч авсандаа баяртай байна гээд хэлсэн үгийг нь дуурайж хэлж элэглэж байсан юм. Түүний араас Б.Мөнхболд, Г.Баттөр гээд сагсчдыг элэглэтэл хүмүүст их хүрсэн.

-Мэдээж та эдгээр сагсчдыг сайн таньдаг байсан байж таарна даа?

-Мэдэлгүй яах вэ, Б.Мөнхболдтой ХҮДС-д нэг багт тоглодог байлаа. Г.Баттөртэй хэдий нэг баг биш ч гэсэн өрсөлдөгч багийн тамирчин байсан болохоор тодорхой хэмжээнд мэднэ. Хамгийн гол нь би өөрөө лигт тоглодог байсан учраас энэ тамирчдаа илүү сайн мэдэрдэг байсан байх. Тухайн үед завтай ч байж. Дараагийн хүнээ сонгоод, бэлдээд явдаг байж. Одоо бол чадахгүй байх.

-Элэглэлтэй холбогдуулан нэг зүйл асууя. Саяхнаас Stand up комеди урлагт хүч үзэж байгаа харагдсан. Хэдэн удаагийн тоглолт хийв?

-2016 оны үед байх. Манайд Монголоос хоёр хүүхэд ирээд надад анх комеди үзүүлсэн юм. Анх үзтэл их хараал хэлсэн, бүсэлхийнээс доошхи сэдэв ярьж байхыг хүмүүс сонсоод инээгээд л байсан. Би ер инээдэггүй. Гайхаад байж байтал Ub codemy -гийн таван залуу Солонгост ирсэн юм. Манай хотод хийсэн тоглолтынх нь зохион байгуулагч нь би болж таараад комеди гэдэг зүйлийг ойлгож эхэлсэн. Би ерөөсөө өөрийгөө ингэж Stand up комедид дурлана гэж бодоогүй. Гэтэл хүмүүс намайг хуриман дээрээ уриад хүмүүсийг хөгжөөгөөд өгөөч гэж залгаад эхэлсэн. Төд удалгүй манай Тэгү хотод байдаг нэг дүү маань намайг баг бүрдүүлээд комеди хийгээч гэж санал тавьсан. Тэгээд корона гарахаас өмнө нодинон хоёрдугаар сарын 15-нд анх удаа хийж байсан. Түүнээс хойш нийт зургаа, долоон удаа хийчихлээ. Солонгосын хамгийн анхны комеди багийг байгуулсан. Багийнхны маань ихэнх нь Сөүл байдаг учраас бараг өрх тусгаарлаж байх шиг байна /инээв/. Цаашдаа цаг үе гайгүй болохоор үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Хот болгон дээр очоод open mic хийхийг хүсэж байна. Мэдэгдэхгүй л байгаа болохоос мундаг залуус олон байгаа байх.

-Харийн нутагт байгаа хүн бүр эх орондоо ирэх талаар бодож төлөвлөдөг байх. Танай гэр бүлийн хувьд хэзээ Монголдоо ирэхээр төлөвлөж байна вэ?

-Монгол хүн эх орондоо эргээд очих бодол байлгүй яах вэ. Гэхдээ яг тэдэн жилийн дараа гэсэн тогтсон хугацаа одоохондоо алга. Төлөвлөсөн зүйл байгаа. Түүнийгээ гүйцээчихээд очно. Монголд очихоороо “Eddie maaz talk live” гээд телевизийн нэвтрүүлэг хийнэ. Монголд иймэрхүү нэвтрүүлэг хэдий олон ч гэсэн яг миний төсөөлж байгаагаар хүмүүс хийж амжаагүй байх шиг байна.

-Та бичлэгүүд дээрээ зөвхөн хөгжилтэй зүйлс ярихаас гадна залуустаа олон зүйлийг захиж байгаа харагддаг. Энэ мөчид залуустаа уриалмаар зүйл байна уу?

-Сайхан асуулт байна. Залуустаа гүйж байгаарай гэж хэлмээр байна. Зүгээр л сайхан гүй. Гүйснээр стресс тайлагдана, цусны эргэлт сайжирна гээд олон давуу талтай. Гүйлт бол дэлхийн хамгийн шилдэг спортуудын нэг. Гүйснээр хэзээ ч хорт хавдартай болохгүй. Гүйхэд танд ямар ч санхүүгийн зарлага гарахгүй. Фитнесд яв гэж байгаа юм биш. Гүйлтийн зам дээр гүйх шаардлагагүй. Зүгээр л гадаа орчинд тааваараа гүй л гэж хэлмээр байна. Мөн тамхи битгий татаарай гэж уриалмаар байна. Тамхи бол олон өвчний уурхай шүү гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Амарбаясгалан

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барив
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барив
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.