Ням гарагт Хятадын эх газарт Covid-19 вирусийн халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тархалтын тоо баримтыг нийтэд зарлаж эхэлсэн нэгдүгээр сарын 20-ноос хойшх хамгийн доод үзүүлэлт болжээ.
Дээрх тохиолдлуудын дөрөв нь Ганьсу мужид гадаад орноос ирсэн хүмүүсээс илэрсэн бол бусад нь бүгд Ухань хотод илэрсэн байна.
Өчигдөр нийт 22 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсныг нэг нь Гуандунь мужид, бусад нь Хубэй мужид бүртгэгджээ.
Ганьсу мужид илэрсэн дөрвөн тохиолдол нь Иран улсаас тус мужийн төв Ланжоу хотод нисэж ирсэн зорчигчдоос илэрсэн байна.
Ингэснээр Хятадад гадаад орнуудаас нэвтэрсэн халдварын нийт тоо 67 болж нэмэгджээ.
Өнөөдөр өглөөний байдлаар Хятадын эх газарт бүртгэгдсэн халдварын тоо нийт 80,735 болж, нас барсан өвчтөний нийт тоо 3,119 болсон байна.