Эрүүл мэндийн яамнаас /covid-19/коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал :
"Өнөөдрийн байдлаар 901 хүнийг тусгаарлан, ажиглалтанд аваад байна. Жаргалантын аманд тусгаарлагдсан 14 хүний тусгаарлалтад байх хоног дуусч, шинж тэмдэг илрээгүй тул өнөөдрөөс гэрлүү нь явуулж байгаа. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Дорноговь аймагт Франц иргэнээс шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй тохиолдолд тооцон, тусгаарласан. Тэрбээр Монгол улсад Москва-Улаанбаатарын нислэгээр гуравдугаар сарын 2-нд ирж зочид буудалд байж байгаад Дорноговь аймагт очсон байна. Франц улсын иргэн нь тэнд ажилладаг хүн байна. Шуурхай дуудлагын утас 24 цагаар ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсад суугаа гадаадын иргэдэд зориулж англи хэл дээр заавар, зөвлөмж хүргүүлж эхлэх ажлыг санаачлан, хэрэгжүүлж байна" гэв.