ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэвлэлийн бага хурлын үеэр. Гуравдугаар сарын 7. Зургийн эх сурвалж: MPA.mn
Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамнаас хийсэн мэдээллээр дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн нийт 100 мянган тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай байна гэлээ. Тиймээс заавал эмнэлгийн орчинд тусламж үйлчилгээ авах шаардлагагүй өвчтөнүүд байгаа аж. Энэ талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-аас “Гэрийн асаргаа сувилгаа” гэсэн тусгай удирдамж гаргасан. Дэлхийн бусад орны жишээнээс харахад халдвар авсан хүмүүст үзүүлж буй тусламж үйлчилгээг нэгдүгээрт, гэрээр тусгаарлах, хоёрдугаарт гэрээр тусгаарлах боломжгүй хүмүүст тусгай байр бэлдэх гэсэн 2 аргаар зохион байгуулж байна” гэлээ.
Мөн манай улсад ДЭМБ-ын Зөвлөх баг ажиллаж байгаа билээ. Тэдний зүгээс аль болох хүмүүсийг олноор цуглуулахгүй байх, эмнэлгийн байгууллага дээр ч бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөсөн байна. Тиймээс иргэдэд өвчний шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг болон бусад эмнэлгийн байгууллагад хандахаас урьтаж утсаар зөвлөгөө авахыг зөвлөлөө. Үүнд зориулж ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 24 цагаар дуудлага хүлээн авах утас ажиллуулж байна гэлээ.