УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралджээ. Хуралдаанаараа,
•Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
• Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Мөн коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үндэсний хөгжлийн газар улс орныхоо хөгжлийг урьдчилж харж, төлөвлөж явдаг учраас та бүхэн мэдээлэл сайн байгаа байх. Тухайлбал их өөдрөг төсөөлөл гаргаад зургаадугаар сарын 15 коронавирусийн халдварын тохиолдол буурна гэсэн төлөвлөлт яасан бэ. Коронавируст халдварын үед хэрэгжиж хуулийн үйлчлэл ирэх сард дуусна. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох дэмжлэгүүд ч долдугаар сарын 1-нээс зогсоно. Гэтэл халдварын тоо дэлхий нийтийн анхааралд орохоор нэмэгдчихлээ. Та нарын төлөвлөгөө халдварын өсөлттэй хэр уялдаж байгаа вэ. Агуулах барина, эрүүл мэндийн сургалт, тандалт хийх зэрэг ажлыг аль эрт хийгээгүй юу. Иргэдийн эрүүл мэнд, хүнд хандсан ямар бодлого гаргасан юм бэ. Эдийн засаг өсвөл иргэдийн амьдрал аяндаа дээшилнэ гэсэн ерөнхий бодлого бариад байна уу. Гадаад өрийн тааз хэмжээгээ давчихсан байна"
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Засгийн газар мөрийн хөтөлбөр баталчихсан. Түүндээ уялдуулсан төлөвлөгөө боловсруулмаар байна. Хэрэгтэй, хэрэггүй хууль олныг баталж байна. Биелэх боломжтой хуулиа л одоо батлах хэрэгтэй юм. Та нар үнэхээр Монголын хөгжлийн бодлого төлөвлөдөг юм бол Дарханы зам хэзээ ашиглалтад орохыг, Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг надад хэлж өгөөч. Тэгвэл би дараагийн асуултаа асууя. Яагаад ажил чинь явахгүй байна гэхээр тогтолцоо чинь буруу байна. Засгийн газрын нэг агентлаг нь хөгжлийн бодлого тодорхойлох гэхээр, яамтайгаа зөрчилддөг. Тогтолцоогоо өөрчилж байж та нарын ажил явна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Өвчний халдвар яаж өсч байна. Гэтэл аймаг, орон нутагт онош тодруулах лаборатори дутагдалтай хэвээрээ. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга. Улаанбаатарын том клиник эмнэлгийг түшиглэн эмч нарын мэргэжил дээшлүүлэх барилгыг барих хэрэгтэй. Эмч нар үнэхээр туйлдаж байна, зарим нь хувийн салбарт орж байна. Энэ янзаар эрүүл мэндийн салбар ажиллах хүнгүй болох нь.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхайн металлургийн болон исэлдсэн хүдрийг уусгах аргаар боловсруулах үйлдвэрийг барина гэж төсөв мөнгийг гаргажээ. Эдгээр үйлдвэрт яагаад хятадын технологийг сонгох болов. Энэ үйлдвэрүүдийн чинь ашиг, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ хэд байх вэ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.