Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаж Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар багтаан хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
"Энэ удаагийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Гурван чиглэлийн мэдээлэл авсан.
-Ковидын нөхцөл байдал улс оронд хүнд байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл сонслоо.
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл. Төсвийн тодотголын асуудал, Улсын баяр наадамтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож ярилцлаа.
-Цаашид төсвийн чиглэл дээр анхаарах асуудлууд. Ковидын үед эдийн засгаа хэрхэн дэмжих талаар асуудал.
Засгийн газар Ковидын үед хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой шийдвэрүүдийг ойрын үед гаргана гэж байна. Төсвийн тодотголын асуудлыг баяр наадмаас өмнө Хаврын чуулганаар хэлэлцэж шийдэх нь зүйтэй юм хэмээн ярилцсан.
Хоёрдугаарт, МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцсэн. 2018 онд Засгийн Газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл дээр Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид энэ намар, хаврын чуулганаар идэвхтэй хэлэлцэж байсан. Ажлын хэсгийг ажиллах бололцоо олгоод түр хойшлуулсан байсан. Энэ хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж батлах талаар МАН-ын бүлэг тогтож байгаа. Үйлдвэрчний эвлэл, АОЭНХ, ХАҮТ болон Засгийн газар хуулийн төсөл дээр маш идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Тийм учраас энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй юм гэж МАН-ын бүлгээс тогтсон" гэв.