Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНАЛИЗ: Өрсөлдөгчгүй ЯЛАГЧИЙН өөлөх зүйлгүй “ТОГЛОЛТ”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 37 секунд

Монголчууд Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиа өчигдөр зохион байгуулж, зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгов. Нийт 1,210,454 сонгогч саналаа өгснөөс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 68 хувиар үнэмлэхгүй ялалт байгууллаа. Сонгуулийн хүчин зүйлд олон зүйл нөлөөлөв. Ингээд энэ удаагийн сонгуулийн урьдач нөхцөл болон сурталчилгааны процессыг хамтдаа дүгнэхийг хичээе.

Түүхэнд байгаагүй бага ирцийг МАН “хайрцаглахад” амар ялав

Сонгуулийн дүнд ирц ихээхэн нөлөөлөв. Сонгогчдын дөнгөж 59 хувь нь саналаа өгснөөр түүхэндээ хамгийн бага ирцтэй сонгууль хэмээн тэмдэглэгдэж үлдлээ. Ирцэд ковид тодорхой хэмжээнд нөлөөлсөн ч манайх шиг улстөрждөг улсад энэ бол жижиг шалтгаг. У.Хүрэлсүх хэдийгээр 68 хувийн саналаар илүүрхсэн ч нийт сонгогчдын 40 хувийн саналаар Ерөнхийлөгч боллоо. Энэ бол МАН-ын сонгогчдыг “унтуулах” буюу Д.Энхбатын дэмжигчдийг “идэвхжүүлэхгүй” байх зорилгоо нь биелүүлсэн гэсэн үг. Ингэж "хайрцаглаж" чадсан тул МАН төвөггүй ялалт байгуулав.

Залуучуудын сул зүтгэл намын гишүүдийн сонголтыг “тодруулав”

Нийт сонгогчдоос гадна залуучуудын ирц маш бага байв. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу ХҮН нам санал хураалт дуусахтай зэрэгцэж залуучуудыг санал өгөхийг уриалсан дүр үзүүлэв. 40-өөс дээш насныхан бүгд 60-аас дээш хувьтай, бүр 70 давсан хувийн ирцтэй байхад 18-30 насныхан дөнгөж 40 хувийг шүргээд дууслаа. Харин онцлууштай нь 18-19 насны залуусын 56 хувь нь сонгуульдаа оролцсон нь дараа дараагийн сонгуулиудад залуусын идэвх оролцоо нэмэгдэх хандлага гарахыг илтгэв бололтой. Ер нь залуусын итгэл, зүтгэл сул байсан тул намын угшилтай МАН, АН-ынхан болон хөвөгч масс сонгуулийн дүнг "тавьлаа".

Өрсөлдөгчгүй ялагч

Сонголтгүй сонгууль боллоо гэж өмнөх сонгуулийг дүгнэж байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөнгүй сонгуулийн өрсөлдөгчгүй ялагч тодорлоо гэж дүгнэе. Сонгуулийн дүн гарахад нэр дэвшигчийн дэмжлэг ба намын дэмжлэгээс ихээхэн хамаарна. МАН-ын “хөл”, сүлжээний хажууд дөнгөж гуравдагч хүчин болж гарч ирсэн, УИХ-д ганцхан суудалтай ХҮН яалтчгүй бүтцээрээ жигдлээ. Нөгөө талд нь АН хоёр хуваагдаж сонгуульд орсноор гишүүдийнхээ дэмжлэгийг ч олигтой авч чадсангүй. Харин хувь ранкаараа Д.Энхбат шинэ өнгө аяс сэвэлзүүлсэн ч, С.Эрдэнэ дарангуйлал гэж зүтгэсэн ч У.Хүрэлсүхийн масс дэмжлэгийг үнэндээ дийлсэнгүй.

С.Эрдэнэ цагаан сонголтыг бараг “барсангүй”

Сонгуулийн дүнд хамгийн томоор нөлөөлсөн зүйл нь АН-ын бүтэлгүй хагарал байв. Үүнийг нь эрх баригчид санаандаа тултал ашигласан. Хоёр тийшээ хараад суучихсан лидерүүдийнх гор сонгуулиар гарч С.Эрдэнэ цагаан сонголтод бараг ялагдав. Хэдийгээр мянга гаруй хүний саналаар илүү байсан ч АН гэх том намыг төлөөлж орсон С.Эрдэнийн хувьд өөрийгөө цагаан сонголтод ялагдсанд тооцож яваарай, цаашид. Товчоор бол гурван хүн өрсөлдсөн сонгуульд С.Эрдэнэ оролцоод дөрөвт орсон гэсэн үг. Намын аппарат нь үл ойлголцлоос шалтгаалж бүрэн хүчээр ажилласангүй. Ёстой л цөстэй 70 мянган партизанууд нь С.Эрдэнэд биш ардчилал, Ардчилсан нам хоёртоо саналаа өгсөн бололтой. Мөн Монголын хоёр том намын нэг нам болох АН анх удаа гурав дахь хүчнээс бага санал авч “булай” боллоо. Хэрвээ АН ойлголцол өндөр байж, сонгуулийн өмнө хоёр тийшээ харахгүйгээр Н.Алтанхуяг зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг "сойсон" бол нөхцөл байдал арай өөрөөр эргэх зурагтай байсан. Мэдээж энэ зүйлийг эрх баригчид огт хүсэхгүй шүү дээ. Гэхдээ АН-ынхан МАН-ыг биш өөрсдийг буруутгах ёстойгоо ухаарсан цагт дахин сэргэнэ. Хэрэв чадахгүй бол хагарал нь гүнзгийрч ирээдүйд 2 том намын нэг хэвээр үлдэхийн төлөөх тэмцэлд "унана".

Д.Энхбатын “сүүлийн үг” ба ХҮН-ын чадамж

Энэ сонгуульд У.Хүрэлсүх үнэхээр хурандаа, Д.Энхбат байлдагч шиг оролцлоо. ХҮН-ын хувьд энэ удаагийн сонгууль шинэ үзэгдэл болов. Яалтчгүй шинэ гарч ирж байгаа нам. Бүтэц буюу “хөл” муу гэдэг нь ХҮН-ын “шүдний өвчин”. Товчоор хэлбэл өнөөдөр авсан 240 гаруй мянган санал бол Д.Энхбат гэх фигурыг дэмжигчид болон АН, МАН-ыг эсэргүүцэгчдийн л эффект төдий. Сонгуулийн сурталчилгааны хувьд ХҮН-ынхан хийж чадаагүй, эвсэл хийхийг хүсээгүй байх. Олон чухал агшинг алдаж, дэмий зүйлс дээр сайн дураараа өөрсдөө алдаа гаргаж байв. Дээр нь нэр дэвшигч нь ковид авсан. Ковид авсан шалтгаанаа тайлбарлахдаа вакцины хоёр дахь тунгаа хугацаандаа хийлгээгүй хойшлуулсан гэдгээ сайн дураараа илчилж, бас л өөрсдийгөө баллав. Ардын намын сонгогчдыг “унтуулах” арга барилд бүрэн автаж, “хуулсан” байдалтай пиар хийж бие биедээ ташуур бэлэглэж явсаар сонгуулийг дуусгасан тэдэнд үнэхээр боломж харагдсангүй.

Д.Энхбат нэр дэвшигч хүртэл дүн гарсны дараа “Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг" гэж жиргээд амжив. Үнэхээр л чин сэтгэлээсээ ажилласан бол Д.Энхбат, ХҮН хоёрт сонгуулийг хоёр шаттай болгох боломж байлаа.

МАН гэдэг “МАШИН”

МАН-ын талаар юу хэлэх вэ дээ. Нөгөө кино дээр гардаг шиг та ч харлаа, би ч харлаа. Тасалдаад байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг МАН 16 жилийн дараа авлаа. МАН гэдэг төгс ажиллагаатай “машин” бүхий л эрэг шургаа дүрмийн дагуу, төлөвлөгөөний дагуу угсарч бэлдэв. Тэд алдаа бараг гаргалгүй, оноог бол ахиухан цуглуулав. Сонгуулийн өмнө Ардын нам дахь эх сурвалжууд 65-аас дээш хувиар нэр дэвшигчээ ялах магадлалтай гэдгийг мэдээлж байв. Энэ нь сүүлийн судалгаагаар харагдсан үр дүн гэсэн үг.

У.Хүрэлсүх тактикийн жижиг алдаа огт гаргасангүй. Сонгуульд нэр дэвших нь тодорхой болмогц сөрөг оноо цуглуулах байсан Ерөнхий сайдын суудлаа өгсөн. Олон нийт өрсөлдөгчөө “захиалж” сонголтгүй сонгууль хийсэн гэж байгаа ч үнэн хэрэгтээ МАН-ын “мэхэнд” унаж байгаа нь ХҮН, Ардчилсан нам хоёрын өөрсдийнх нь буруу. Чухал үед нэгдэл үүсгэж Н.Энхбаярыг татсан нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн. Хэрвээ өмнөх сонгуулиуд шиг доргио үүсвэл залуучууд Зөв ХҮН электорат эвслийн хүн руу хандарчих гээд байсан тул У.Хүрэлсүхийн тал бүхий л уулзалт, лайв, арга хэмжээ, пиарын элементүүдээ байж болох хэмжээнд хасч танав. Харин сонгуулийн хаалтын мөчид клабхаус тэргүүтэй сошиал орчинд бага зэрэг алдаа гаргасан. Магадгүй энэ нөлөөлөл Д.Энхбатад их бага хэмжээгээр дэм болсон байх. МАН-ын нүсэр бүтэц, социологийн судалгааг унших чадвартай сайн менежерийн ур ухаан нь эртнээс “зурсан” сонгуулиа яг өөрсдийн хүссэнээрээ хийхэд нөлөөлөв. МАН-аас сонгуулийн пиар, арга тактик дээр өөлөөд байх юм үнэндээ гарсангүй. Тэд маш чамбай байлаа.

Г.Лхагвадорж

Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана
Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.