Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАГААН СОНГОЛТ хийхгүй байхыг уриалсан СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран иргэдийн сонгох эрхэнд халдсан уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 55 секунд

СЕХ-ноос дөнгөж сая Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, хэрхэн зохион байгуулах талаарх мэдээллээ олон нийтэд өглөө. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдсан үйлдэл гаргаж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглав.

Тодруулбал, цагаан сонголттой холбоотойгоор иргэд сонгогчдыг төөрөгдөлд оруулахуйц мэдээллийг өглөө. Тэрбээр, “Цагаан сонголт хийнэ гэж уриалж, зохион байгуулж байгаа хүмүүс бусад сонгогчдынхоо эрхэнд халдаж байна гэж би үзэж байгаа. Үүнд харамсаж байна. Бид улсын төсвөөс гаргаж төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа иргэд маань хэнээс ч хамаарахгүйгээр бие дааж сонгуулиа өгөх ёстой юм. Энэ эрхэнд халдсан нь сонгуулийн ажилд сөрөг нөлөө үзүүлэх гэсэн ажил байгаа юм. Бид иргэдээ цагаан сонголт хийхгүй байх гэж итгэж байна. Олгогдож байгаа боломжийг ашиглаад өөрсдийн саналаа өгөх байх гэж бодож байна. Сонгуулийн нүсэр ажил, зардал мөнгөө бодоод, олон албан хаагчдын ажлын үр дүнг иргэд хүндэтгэж, цагаан сонголт гэдгийг хийхгүй байх гэж сонгогчдод итгэж байгаа” гэв.

Тэгвэл яг энэ үг, үйлдлээрээ СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран та сонгогчдынхоо сонгох эрхэнд маш бүдүүлгээр халдаж байна. Өөрөөр хэлбэл сонгогчид цагаан сонголт буюу хэнийг ч дэмжихгүй байх эрх нь хуулиар баталгаажсан. Цагаан сонголт хийх эрхийг СЕХ-ны дарга танаас олж авахгүй. Сонгуулийн тухай хуулийн “46.9.Саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ” гээд хуулиар хамгаалуулчихсан байдаг юм. Та дараа дараагийн гарах хөрөнгө мөнгөнд санаа зовох ёстой бөгөөд эрхтэй хүн биш. СЕХ-ны даргын эрх үүрэгт ямар нэгэн байдлаар иргэдийг “…Саналаа өгөхгүй гэж итгэж байна” гэж уриална гэж огт заагаагүй.

Сонгогчид цагаан сонголт буюу хэний ч дэмжихгүй байхаа илэрхийлж байгаа бол бусад нэр дэвшигчид таалалд нь нийцээгүй гэсэн үг. Тийм байхад хамгийн хараат бус байх ёстой, сонгууль элдэв маргаангүй болоход хамгийн том нөлөө үзүүлэх төрийн байгууллагын дарга нь санал хураалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө гарч ирээд сонгогчдынхоо эрхэнд халдаад зогсож байгааг юу гэж үзэх вэ. Цагаан сонголтоо иргэд хийнэ үү, байна уу та бид хоёрт үнэндээ огт падлий байхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 68.12.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно” гэж цагаан дээр хараар биччихсэн байгааг дахин сануулъя. Сонгуулийн дүнд цагаан сонголт хэрхэн нөлөөлдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хангалттай харсан. Энэ удаагийн сонгуульд ч гэсэн цагаан сонголт буюу хэнийг ч дэмжихгүй байх хэлбэр дөрөв дэх “өрсөлдөгч” болон албан бусаар орж ирэх нь гарцаагүй.

Дахин хэлье, сонгуулийн дүн хэрхэн гаргах, иргэд хэнд нь илүү саналаа өгөх, хэдэн сонгогч цагаан сонголт хийж үзэл бодлоо илэрхийлэхийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран та зааж зааварлах ямар ч эрхгүй. Та бол сонгууль зохион байгуулах, Батаа, Дулмаа, Дорж, Дондог тэргүүтнүүд хэнд саналаа өгсөн болохыг албан ёсоор тоолох л үүрэгтэй. Ингээд гарсан дүнгээ УИХ-д өргөн барих юм. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламент өөрсдийн томилж явуулсан хүн болох П.Дэлгэрнарангийнхаа ард түмний сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан уг үйлдлийг нэн яаралтай анхааралдаа авч холбогдох хариуцлагыг тооцох нь зүйтэй. Өмнө нь СЕХ-ны дарга нь энэ мэтээр хууль зөрчиж, хэтэрхий бүдүүлгээр сонгогчдынхоо санал өгөх эрхэнд халдаж байсангүй.

Г.Лхагвадорж

СЕХ: Дахин сонгууль явуулбал 8 тэрбум гаруй төгрөг зарцуулна
СЕХ: Дахин сонгууль явуулбал 8 тэрбум гаруй төгрөг зарцуулна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.