Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өндөрлөлөө. Энэ удаагийн сурталчилгааг урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хар пиар багатай, аядуухан болж өнгөрлөө гэж үзэх хүн олон байна. Гэвч хэтэрхий унтаа болж өнгөрсөн гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй байна. Судалгаанаас үзэхэд энэ удаагийн сонгуульд хөвөгч сонгогчид их байгаа. Тэд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг үзэж сонголтоо хийнэ гэсэн хүлээлттэй байв. Нэр дэвшигчид ч халз мэтгэлцээнд ач холбогдол өгч, менежерүүд нь эртнээс уулзаж бэлтгэлээ базааж, дүрэм журмаа гаргаад явж байлаа. МҮОНТВ уг мэтгэлцээний бэлтгэл ажилд 60 орчим сая төгрөг зарцуулсан гэдгээ ч мэдэгдлээ. Гэтэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат ковид-19 вирусны халдвар авч 2-р эмнэлэгт тусгаарлагдсан гэх шалтгаанаар түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн тасрахад хүрлээ. Энэ тухай МҮОНТВ-ийн захирал А.Бүрэнбаатар:
“Бүгдэд тэгш боломж олгох үүднээс Д.Энхбат нэр дэвшигчийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад авчирч болох уу, эсвэл хоёр нэр дэвшигчээ эмнэлэгт аваачих уу, мөн шууд дамжуулалтын станц аваачаад хийх үү гэх гурван зам байгаа. Гэтэл телевизийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу 2-р эмнэлэгт нэвтрүүлж ажиллуулах, өвчтөнг авчрах, хоёр нэр дэвшигчийг аваачих боломжгүй гэсэн албан бичиг ирсэн. Иймээс энэ удаад халз мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй боллоо” гэв.
Ийнхүү өндөр хүлээлттэй байсан мэтгэлцээн явагдахгүй болсон нь сошиал сүлжээнд олон нийтийн шүүмжлэлийг өрнүүлж зарим нэг нь У.Хүрэлсүх мэтгэлцээнээс зориуд зугтаж байна гэх мэтээр дайрч эхлэв. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Манай нэр дэвшигч мэтгэлцэхэд бэлэн. Тусгаар тогтнол 16 цаг 21 минут" гэж цахим хуудсаараа мэдэгдэв. Мэтгэлцээнийг цахимаар хийж болно шүү дээ гэж мэдэгдээд байсан нэр дэвшигч Д.Энхбат: МҮОНТВ бие даасан шийдвэр гаргаж чадахгүй байгаад нь харамсаж байна. Уг нь тэд сонгогчдынхоо талд 100% зогсох ёстой байгууллага бус уу? гэж жиргэснээр гал дээр тос өрдөж орхив. Түүхэнд байгаагүй шившигтэй сонгууль болох гэсэн пост, жиргээ хаа сайгүй үзэгдэж ямар нэг мэтгэлцээн хийхийг шаардах хандлага газар авлаа.
Улмаар хэд хэдэн хүмүүс клуб хаус дээр мэтгэлцээн зохион байгуулах санаачлага гаргаж 3 нэр дэвшигчийг урьсанд С.Эрдэнэ, Д.Энхбат нар орж ирэв. Зэрэгцээд Ц.Элбэгдорж зориуд ийм өдөөн хатгалга зохион байгуулж байгаа гэх шүүмжлэл ч цахим сүлжээгээр явж эхлэв. Тэд У.Хүрэлсүхийг хүлээж байна гэсэн мессежийг цахим сүлжээгээр идэвхтэй түгээж байлаа.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Хэн нэгэн нэр дэвшигч мэтгэлцээнээс татгалзаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох гэж байгаа сонгууль. Цахим орчимд хэсэг бүлэг хүмүүсийн тэргүүнийг сонгох гэж байгаа сонгууль биш. Өөрсдийн санаачилгаар мэтгэлцээн зохион байгуулна гэх нэрийн дор бусдыгаа оролцохгүй байна гэж ярьж болохгүй. Манайд клабхаус дээр мэтгэлцээнд оролцох урилга ирээгүй байна. Яаж зохион байгуулсан юм мэдэхгүй. Өөрсдөө зохион байгуулаад явж байх шиг байна” гэж С.Эрдэнэ, Д.Энхбат нарын үйлдэлд хариу мэдэгдэл хийв. Мөн тэдний цуглаад байсан өрөөнд МҮОНТВ-ийн захирал асан Л.Нинжжамц орж
“Мэтгэлцээн тэгш зарчмыг хангах ёстой. Иргэдийн зарим нь ухаалаг утастай, утасгүй янз бүр байгаа, гэтэл сошиал сүлжээнд орох боломжтой хүмүүсийг цуглуулаад сонгуулийн албан ёсны мэтгэлцээн шиг хүмүүсийг төөрөгдүүлж, ялгаварлан гадуурхаж болохгүй” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Улмаар С.Эрдэнэ, Д.Энхбат нар тус тусын өрөөгөө байгуулж хүмүүсийн сонирхсон асуултанд хариулахаар болж тарав.
Олон нийтийн дунд мэтгэлцээн зохион байгуулаагүй нь эрх баригчдын захиалга гэх хардлага сошиал сүлжээнд их байна. Хэрвээ үүнд албан тушаалтнууд нөлөөлөөгүй бол энэ нь цэвэр МҮОНТВ-ийн удирдлагын чадамжгүй байгаагийн асуудал юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар гараад бүтэн 1 жил болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнтэй дасан зохицож ажиллах менежментээ олсон байхад татвар төлөгчдийн 6 тэрбум төгрөгөөр санхүүждэг МҮОНТВ ийм байдалтай байгааг арчаагүй гэж хэлэхэд ч багадна. Ямар ч жижиг аж ахуй нэгж ажлаа төлөвлөхдөө СВОЧ анализ хийж эрсдэлээ тооцоолдог. Гэтэл бүхэл бүтэн МҮОНТВ “хэрвээ нэр дэвшигчид халдвар авбал яах вэ?” гэсэн Б төлөвлөгөөгүй, техник технологийн өргөн боломжтой 21-р зуунд цахимаар тэгш нөхцөлтэй мэтгэлцээн зохион байгуулах чадамжгүй сууж байгаад эрх баригчид дүгнэлт хийж хариуцлага тооцох шаардлагатай. Эс бөгөөс эрх баригчдын захиалгаар мэтгэлцээн цуцлагдсан гэсэн олон нийтийн хардлага үнэн болно.
О.Цагариг