Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 10 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Мэдээллийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар танилцуулга хийсэн юм.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ёстой зарим хороо, комисс хуралдахгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, холбогдох байгууллагуудтай хамтран хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэгдүүлэх,  алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.

Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин танхимын зүгээс гаргасан саналд тусгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах боломжийг судална. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа нэг арга юм" гэв.

БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсын эдийн засагт 4-6 сарын дараа нөлөөлдөг бөгөөд 2011-2012 оны хооронд тус улсын эдийн засаг 1,4 хувиар буурахад худалдааны хориг, нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5,2 хувиар буурч байсан. Covid-19 вирусийн эдийн засагт учруулах нөлөөлөл нь 2003 оны САРС-ын үеийнхээс ч өндөр байх магадлалтай учир даатгал, эрсдэлийн сан хөгжөөгүй манай улсын хувьд ажлын байрыг хадгалах, төсөвт тодотгол хийх, татвар хураамжийг түр хугацаагаар хөнгөлөх, хойшлуулах, чөлөөлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах нь урт хугацаандаа ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

- Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

33 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий 69 мянган ширхэг хувьцаа арилжжээ
33 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий 69 мянган ширхэг хувьцаа арилжжээ
 
Б.Ариун-Эрдэнэ: АН сонгуульд  нэр цэвэр хүмүүсээ  дэвшүүлэх ёстой
Б.Ариун-Эрдэнэ: АН сонгуульд нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.