Монгол Улсыг төлөөлж гадаадад суух 10 гаруй Элчин сайдуудыг томилж чадахгүй байсаар нэлээн хугацаа өнгөрүүллээ. Уг нь энэ хаврын чуулганаар хугацаа нь дууссан Элчин сайдуудыг буцаан татаж, шинэ хүмүүсийг “илгээх” байсан ч МАН болон Ерөнхийлөгч хоёр улс төрийн зөрчлөө дийлсэнгүй. Учир нь Элчин сайдуудыг ЗГ-аас УИХ-д оруулж хэлэлцүүлээд Ерөнхийлөгч ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулснаар Монгол Улс сая нэг юм Элчин сайдтай болдог хуультай.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН-ынхан 10 гаруй Элчин сайдуудын томилгоог Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийхээр эцэслэн тохирсон гэх мэдээлэл байна. Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван өнгөрсөн 11 сард Элчин сайдуудын нэрсийг гаргаж ЗГ-аар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих гэсэн боловч талууд тохиролцож чадалгүй харамсалтай нь буцаагдсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид элчингүүдийн томилгоог хийхдээ аль болох намын гишүүдийнхээ эрх ашгийг нэг номерт хангах бодлого баримталж буй. УИХ-д 62 суудал бүхий “данхар” бүлэгтэй намд сонгуулийн дараа боловсон хүчнүүдээ тарааж, томилно гэдэг туйлын бэрхшээлтэй. Тиймээс Элчин сайдуудын томилгоонд “гаднаас” хүн оролцуулахгүй гэж хатуу зүтгэж байна.
Гаднаас оролцох хүн гэдэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэлж байгаа юм. Тэрбээр аль өнгөрсөн жилээс хойш “өөрийн” хүмүүсээ гадагшаа элчин сайдад томилуулж явуулах саналаа ил, далдаар удаа дараа илэрхийлсэн. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж, сайдуудаа Ерөнхийлөгчид бараалхуулахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандаж Ерөнхийлөгч "...10 гаруй элчин сайдууд томилогдоогүй байгаа. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна..." гэж хүртэл шуудхан шахаж байв. Энэ нь миний хүмүүсийг Элчин сайдууддаа шингээ, би танайхантай нийлүүлээд сонгуулиас өмнө маш хурдтай ёсчлоод өгье л гэсэн үг байв.
Эх сурвалжууд өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөх Л.Болд, С.Ламбаа, Я.Санжмятав болон иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх асан Г.Уянга нарыг Элчин сайдуудын томилгоонд багтаах саналаа МАН-д тавьсан хэмээн онцолж байв. Гэвч МАН өнөөдрийг хүртэл хөдөлсөнгүй. Бүр өөрийг нь нэр дэвших эрхгүй болгож, чагтлан “хорлов”. Одоо бүр сонгууль дуусч, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буусны дараагаар хүмүүсээ томилохоор зэхээд эхлэв. Ингэвэл нэр дурдагдсан дөрвөн эрхэм “их санасан газар 9 шөнө хоосон хонох” магадлалтай боллоо. Сонгуулийн дараа гарсан дүнгээс хамаарч их сонирхолтой үйл явдлууд улс төрд өрнөх нь нэгэнт тодорхой. Нэгдүгээрт, аль намаас шинэ Ерөнхийлөгч гарах вэ, ямар ашиг сонирхолтой хүн гарч ирэх вэ. Хоёрдугаарт, сонгуулийн дараа эрх баригчид дунд өрнөх намын даргын өрсөлдөөнд бүлэг, фракцуудын дэмжлэгийг авахын тулд ганц, нэг Элчин сайд томилох эрхийг бие биедээ санал болгох дамжиггүй. Товчоор хэлбэл, МАН явах хүнд "бэлэг" болгож өгөхөөс илүүтэй, ирээдүйн улс төрдөө Элчин сайдуудын томилгоог ашиглахыг илүүд үзжээ.
Г.Лхагвадорж