Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж байгаад баатарлагаар амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор хүндэтгэлийн хөшөө байгуулах, уран сайхны болон баримтат кино хийх зэрэг бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд иргэд, олон нийтийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан 114 алба хаагч байдаг.
Тэдгээр алба хаагчдынхаа гэгээн дурсгал, байгуулсан гавьяаг хойч үедээ мөнхлөн үлдээх алдаршуулах, эцэг эх, гэр бүл, үр хүүхдэд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас хүндэтгэлийн хөшөө байгуулахад нэг өдрийн цалингаа сайн дурын үндсэн дээр хандивлах санал, санаачилга, уриалга гаргасан.
Цагдаагийн төв байгууллагын удирдлагаас түүхт 100 жилийн ойтой холбогдуулан дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсүүдэд 8.0 сая хүртэл төгрөг цуглуулах үүрэг чиглэл өгч, алба хаагчдаас 2 өдрийн цалинг шууд суутган авсан гэх мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн нь худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар