АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "АН-ын бүлэг өдөр болгон талбай дээр хуралдаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй намуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах хүсэлт өгсөн.
Хүсэлтийн дагуу УИХ дахь намын бүлгүүдээс төлөөлөл оруулж, Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Одоо УИХ-ын дарга, олонхийн бүлгийн даргатай уулзана. Бид ерөөсөө л нэг нам, нэг хүний дарангуйллыг эсэргүүцэж байгаа.
УИХ өөрсдөө шийдвэр гаргаж байж, нэг хүний, нэг намын дарангуйлал үгүй болно. Цагаан байрнаас асуудлыг шийдээд байж болохгүй. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын төлөөллүүд шийдэх ёстой.
Ажлын хэсэг байгуулагдсан. Тиймээс өлсгөлөнгийн асуудлыг зогсоох тал руугаа явж байна. Гэхдээ яг одоо зогсоосон шийдвэр гаргаагүй байна. Ажлын хэсэг ярилцаж байна. Ажлын хэсгийн шийдвэр, олонхийн гаргаж байгаа байдал зэргээс шалтгаална" гэлээ.