Италид “Pfizer-BioNTech”-ийн “COVID-19”-ийн вакциныг санамсаргүйгээр зургаан тунг хийлгэсэн залуу эмэгтэйн биеийн байдлыг хянаж байна.
“Эмэгтэйд дусал залгаж, парацетамол уулгасны дараа биеийн байдал нь сайжирсан” гэж “AGI” агентлаг мэдээлсэн байна. Сувилагч түүнд нэг тун вакцин тарих гэж байсан боловч алдаа гаргаж, зургаан тун агуулсан нэг шил вакциныг бүхлээр нь тарьсан аж.
“Pfizer”-ийн вакцины тунтай холбоотой өмнөх судалгаануудаар дээд тал нь ердөө дөрвөн тунг тарьж байсныг “AGI” мөн мэдээлжээ. Иймд зургаан тун хийлгэсэн хүний тухай мэдээлэл байхгүй тул эмэгтэйн биеийн байдлыг сайтар ажиглаж байгаа юм. “Pfizer-BioNTech”-ийн вакцины тунг хэтрүүлэн тарьсан тохиолдол өмнө нь Герман, Австрали, АНУ-д бүртгэгдэж байжээ.