Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Хуралдаанаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын шийдвэрээс Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
"Сүүлийн өдрүүдэд вакцинжуулалтад Засгийн газраас ихэд анхаарч хангалттай вакцины татан авалтыг хийгээд байна. Гэсэн хэдий ч иргэдийн маань вакцинжуулалтад хамрагдах идэвх эрс буурч байна. Нийслэлд нэг өдөрт 60 мянга гаруй иргэн хамрагдаж байсан бол өчигдрөөс эхлэн 40 мянга болж буурлаа. Засгийн газар тавдугаар сарын эхний 10 хоногт ард иргэдийнхээ зорилтот бүлгийн 60 хувийг ядаж эхний тунд хамруулах зорилт тавьсан. Вакцин хэдийгээр сайн дурын боловч Монгол иргэн хүн бүрийн хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй иргэдийн өмнөөс нийгэм тэр чигээрээ эрсдэлд орж болохгүй. Тийм учраас үүнтэй холбогдуулан хоёр чиглэлийн арга хэмжээ авахаар боллоо. Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд тодорхой албадлагын арга хэмжээ авна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд урамшууллын арга хэмжээ авна.
Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ.
Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв.