МАН, МАХН салж нийлсэн түүх урт явдалтай. Нэр солих санаачлагын автор нь Н.Энхбаяр мөнөөс мөн. Тэрбээр 2005 оноос МАХН-ын нэрийг МАН болгож өөрчлөх тухай эрчимтэй ярьж явсан байдаг. Нийгмээ тогтворгүй байдал, хувьсгалт тэмцэлд уриалсан, гадаад талдаа террорист хөдөлгөөн ч юм шиг сонсогддог хувьсгалч нэрнээс салах дээр маргаад байсан хүн угаасаа ч цөөн. Ийнхүү тухайн үеийн МАХН асуудал болсон Х үсгээ авч хаяхаар 2005 онд ярилцсан боловч зориглож чадаагүй. Дараа нь 2007 онд болсон МАН-ын 25-р их хурал дээр энэ санаагаа хэрэгжүүлэхийг оролдсон ч ерөнхийлөгч асан Н.Багабанди “намын нэрийг солих нь алтан дардасыг нь хусаад зосоор будаж наранд хатаахтай адил” гэж хэлээд заал дүүрэн алга ташилтаар зогсоож байлаа.
Ингэж яваад С.Батболд намын дарга, У.Хүрэлсүх ерөнхий нарийн бичгийн дарга болсноор 2010 онд хуралдсан намын их хурлаараа сая нэг шийдэх тохироо нь бүрдсэн байдаг. Гэтэл хувь заяаны шоглоомоор намын нэрийг сольх тухай ярьж явсан Н.Энхбаяр солихыг эсэргүүцэх болов. Харин нэр солихыг зогсоож байсан Н.Багабанди “одоо л солих хэрэгтэй” гэж хэвлэлээр мэдэгдэх болжээ. Тухайн үед МАХН гэсэн хуучин нэрийн дор Н.Энхбаяр салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлэх нь бараг ойлгомжтой байсан. Харин С.Батболд, У.Хүрэлсүх нар “нам нэрээ сольсон бол 25 жил ашиглаж болохгүй гэсэн” улс төрийн намын тухай хуульд тэд дэндүү найдаж байлаа. Гэтэл энэ хуулийн заалт “уже” 2005 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсныг тэд хэргээ хийснийхээ дараа мэдсэн гэдэг. Үүнээс болж МАН-ынхан ч дотроо муудалцсан гэх мэдээлэл ч гарсан. Ийм хэмжээний зөвлөгөө мэдээлэл өгөх боловсон хүчин бүхэл бүтэн нам дотор байгаагүй юм уу? Гэж намын дарга С.Батболд Генсектээ туньсан тухай яриа бий. Ямартай ч МАН хувьсгалч нэрнээсээ салж чадсан. Энэ шинэчлэлийг зориглож хийсэн гол хүн нь одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх мөнөөс мөн.
Үйл явдал ар араасаа хөвөрч Н.Энхбаяр МАХН-ыг шүүхэд бүртгүүлж, МАН-ыг талцуулан 2012 онд шороотой нь хутгаж өгөв. Өөрөө баривчлагдсан ч хүрэн оймсоо гозойлгоод УИХ-д 10 суудалтай болжээ. Түүний ачаар гэр хорооллын хөлсний жагсагч явсан зарим хүн шууд төрийн сайд болж томров. Н.Алтанхуягийн жаран задгай үед тэд хөөрхөн мяраа суугаад авсан. Зарим нь ч авлигийн хэргээр үйлдэл дээрээ баригдаад “дарга мөнгө авчир гэсэн” гэж Н.Энхбаярыгаа шившиглэсэн зэрэг тэдний хөглөсөн, самарсан түүх дуусахгүй. Удтал бужигнуулж байгаад МАХН, АН-тай бараг нэгдэж 2016 оны сонгуульд орох маягийн зүйл ярьснаар Н.Алтанхуягийн Засгийн газрын унах цэгийг заагаад өгөв. 2012 онд МАН-ыг самарсан тэд АН-ын нэг бүрэн эрхийн дөрвөн жилээр тоглосон. Үүнийхээ дараа дахиад л МАН-ыг самарч М.Энхболдыг унагасан бол одоо МАН-тайгаа нийлж АН-ыг дэвсэлж явна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН оролцоно, аягүй бол С.Ганбаатар гараад ирнэ гэж ярьж байтал тэд ийнхүү МАН-д хадаг барьж энэ хаврын улс төрд өнгө нэмсэн. Ингэх болсон нь ч учир шалтгаантай юмсанжээ.
МАХН-ынхан аль хавраас эхэлж Д.Амарбаясгалангийн өрөөний үүдэнд суудаг ажилтай болсон тухай цагаан байрныхан ярих болсон. Анхандаа тэд 4 сайд 2 төрийн нарийн бичгийн даргын суудал нэхэж байсан бол эцсийн мөчид 2 сайд дээр тунаж У.Хүрэлсүх ялсан тохиолдолд сул гарах УИХ-ын 2 тойргийн аль нэг дээр хүнээ дэвшүүлэхээр болсон гэдэг яриа тусгаар тогтнолын ордны тамхины цэг дээрээс сонсогдоод байгаа. Үнэндээ МАХН-ынхан хулхидуулах магадлалтай гэдгээ маш сайн мэдэж байгаа. МАН-ынхан “тохирвол тохир, больвол боль” гэсэн маягтай гуйлгуулж явсаар өнөөдрийн энэ тохироонд хүрсэн гэж эх сурвалж мэдээлж байгаа. Ингэж гэдийх шалтгаан ч байлаа. Учир нь үндсэн хуулийн 31.2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл МАХН нь 2020 оны сонгуульд Та бидний эвсэл нэртэйгээр оролцсон УИХ-д эвсэл гэсэн статустай байгаа. Хуульд зөвхөн намаас нэр дэвшинэ гэж заасан учраас эвслээс хүн нэр дэвшүүлэх боломжгүй болж байгаа юм. Иймээс л тэд хад мөргөх нь тодорхой болж хулхидуулах магадлалтай ч азаа үзээд хамтрахаас өөр аргагүй байдалд оржээ.
Энэ зуур хуучны босогчдоо амжилттай дарсан МАН гол өрсөлдөгч АН-аас хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг шийдэх их хүчийг олжээ. Хоёр хуваагдсан АН хоёр хүн дэвшүүлэх нь ойлгомжтой. Харин тэдний хэнийг дэвшүүлэхийг МАН шийдэх болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл аль АН хүчинтэй вэ гэдгийг хууль дүрэм шийдэхгүй, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн “У.Хүрэлсүхийн таалал” шийднэ. Ийнхүү эрх баригчид сонгууль ойртох тусам чангарч нэгдсээр. Харин бусад нь өгөөшинд нь орж тоглуулсаар байна.