Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж О.Цогтгэрэлтэй нэгдэж, С.Эрдэнэ МАН-ын дэмжлэгээр нэр дэвших “зураг“ зурагджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 46 секунд

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулчихаад байхад АН одоо ч хоорондоо учраа олохгүй байна. Тэдний дотор сүүлийн үед юу өрнөж байгааг хүргэе.

Булганыхан анхдагчийн статусаа алдлаа

Булганыхан юм юмны анхдагчид гэдэг статусаа өчигдөр алдлаа. Учир нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарснаа зарлаж АН-д элсэв. Ийнхүү С.Ганбаатар МАН-аас бусад бараг бүх намын гишүүн болсон анхны хүн боллоо. Тэрбээр анх “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж Монголд иргэний хөдөлгөөнийг үндэслэсэн. Улмаар тэр хөдөлгөөн нь ИХ нам буюу Иргэний хөдөлгөөний нам болсон. Харин С.Ганбаатар уг намын үндэс суурийг тавьсан ч сонгуульд оролгүй МҮЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Үүний дараа 2012 онд бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон. Удалгүй 2015 онд ХҮН-ыг үүсгэн байгуулж анхны дарга нь болсон. Намын нөхөдтэйгээ таарахаа байж намаасаа гараад байсан бол 2017 онд МАХН-ын гишүүнээр элсэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшив. Улмаар 2020 онд МАХН-ын нэрээр УИХ-д сонгогдсон. Гэтэл өчигдөр МАХН-аа орхиж АН-д элсэж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь түүнийг тогтсон үзэл бодолгүй, улс төрийн ашигтай цаг мөчид хаашаа ч хамаагүй орж явдаг этгээд гэдгийг нотолж байгаа юм. С.Ганбаатарыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж ярьж байгаа ч тийм зүйл болохгүй бололтой. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшихээр тохироо хийсэн гэх мэдээлэл гарсан. Гэвч О.Цогтгэрэл болон АН-ын бусад гишүүд тийм тохироо хийгээгүй, харин АН-ын нэр дэвшигчийг ялуулахын төлөө хамт явна гэж тохирсон гэв.

АН-ынхан Х.Баттулгаас нүүр буруулжээ

Нэгэнт дахиж өрсөлдөхгүй нь тодорхой болсон Х.Баттулгаас АН-ынхан нүүр буруулж эхэлжээ. АН-ыг хоёр хуваасан, дотроос нь намнасан хэрэгт тэд Х.Баттулгыг хамгийн ихээр буруутгаж байгаа. Хоёр хуваагдсан маргаанд цэг тавьж гаргалгаа олох хэмжээний сайн хуульч өнөөдөр тэдний дунд алга. Ерөнхийлөгч Х.Баттулгыг улиран сонгогдохгүй болох хууль орж байхад “наадах чинь болохгүй” гээд хэлчих боловсон хүчин ч үлдсэнгүй. Энэ нь хамаг боловсролтой, чадвартай хүмүүсээ хөөж тууж, шорон оронд оруулахыг нь оруулж хувьсгалч, партизан, бөх гэх мэт бүдүүлэгдүү хэсэг нь тус намыг удирдах болсонтой холбоотой гэж тайлбарлах эгэл жирийн гишүүд олон байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Х.Баттулгад хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л бий” гэж энэ байдлыг тодорхойлсон билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дарга хэн болох, Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхийг шийднэ гэж ажиглагчид тооцож байсан бол сүүлийн үед түүнийг “мурих” хөдөлгөөн эрчимтэй өрнөж эхэлжээ. Үүнийг АН-ын шинэ даргаар сонгогдсон О.Цогтгэрэл анх эхлүүлсэн гэнэ. Учир нь тэрбээр намын дарга болмогцоо түүний хамгийн ойрын хүн гэгдэх Баянхонгорын гаралтай П.Нүрзэдийг  АН-ын ХЭГ-ын даргаас “мулталсан”. Түүний оронд Д.Бадарсанг томилсон. Д.Бадарсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Хотын дарга асан Э.Бат-Үүл нартай эртний холбоотой, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нартай хамт “Нэг ардчилал” фракцыг үүсгэн байгуулж явсан түүхтэй. Түүнийг сүүлийн үед Л.Гантөмөртэйгээ илүү ойрхон яваа гэсэн мэдээлэл бий. О.Цогтгэрэлийн араас Улсын дээд шүүхийн шүүгчид, УИХ-ын гишүүд нь хүртэл Х.Баттулгаас зайгаа бариад эхэлжээ. Тодруулбал Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Б.Бейсэн, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нарын УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг нэгдсэн гэв. Гэхдээ тэд С.Эрдэнэтэй ч хамтрахгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ. Харин Ш.Адъшаа, А.Адъяасүрэн нар л “одоохондоо” Х.Баттулгын талд байгаа гэв.

АН-ыг хэн төлөөлөх нь хуулийн мухардалд оржээ

Улсын дээд шүүх АН-ын хоёр даргын алийг ч бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн атлаа хуучин дарга С.Эрдэнийг сэргээж бүртгэх боломжгүй гэв. Ингэснээр АН-ыг хэн төлөөлөх нь хуулийн хувьд ойлгомжгүй байдалд орлоо. Үүнийг МАН-аас шүүхэд нөлөөлж ойлгомжгүй байдлыг зориуд бий болгон эцсийн мөчид аль сул талыг нь бүртгэх улс төрийн захиалга гэж АН-ын гишүүд үзэж байгаа. Хуулийн хувьд Ц.Туваан АН-ын даргыг дүрмийн дагуу сонгож баталгаажуулах нь хамгийн зөв гарц байжээ. Учир нь АН-ын дүрмийн дагуу сонгуульд ялагдсан намын дарга огцорсонд тооцогдож аль нэг дэд дарга, эсвэл ерөнхий нарийн бичгийн дарга нь үүрэг гүйцэтгэгч болох зохицуулалттай. Үүний дагуу Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилж, дараагийн даргыг сонгох ажлыг зохион байгуулахыг гүйцэтгэх зөвлөлөөс үүрэг болгожээ. Гэтэл Ц.Туваан өнгөрөгч оны 12-р сард АН-ын их хурлыг хуралдуулж дүрэмдээ өөрчлөлт оруулав. Шүүх үүнийг нь хянаж үзээд Ц.Туваан зөвхөн намын даргыг сонгох ажлыг зохион байгуулах үүрэгтэй байтал АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Энэ нь АН-ын дүрэмтэй зөрчилдөж байгаа тул бүртгэхгүй гэжээ. Ингээд Ц.Туваан АН-ын хүчин төгөлдөр хуучин дүрмийн дагуу намын даргыг сонгох байтал өөрийнхөө шинээр баталсан, улсын бүртгэлд бүртгээгүй дүрмээр О.Цогтгэрэлийг сонгож дахиад алдаа гаргав. Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож байгаа учраас энэ асуудал ногоон гэрлээр явна гэж тэр тооцсон бололтой. Гэтэл шүүх нэгдүгээрт Ц.Туваанд АН-ын дүрмийг өөрчлөх ажлыг зохион байгуулах эрх өгөөгүй учраас дүрмийг бүртгэх боломжгүй, хоёрдугаарт хүчин төгөлдөр бус дүрмээр О.Цогтгэрэлийг даргаар сонгосон нь хүчингүй гэж тайлбарласан аж. Ингэснээр Ц.Туваан хуучин дүрмээрээ намын даргаа сонгох сонгуулийг зохион байгуулах ёстой. Гэтэл хуучин дүрмийнхээ холбогдох заалтаар эрх хэмжээгээ хэтрүүлсэн тул намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх шийдвэрийг С.Эрдэнэ гаргасан. Энэ нь ч дүрмийн үндэслэлтэй гэв. Ийнхүү АН-ыг С.Эрдэнэ ч төлөөлөх эрхгүй, Ц.Туваан ч төлөөлөх эрхгүй хуулийн мухардалд орсон байна. Энэ хагарлыг нь МАН улам хөгжөөж турж эцсэн морь шиг барианы зурхайруу тууж яваа нь нууц биш.

МАН С.Эрдэнийг захиалж Ц.Элбэгдорж, О.Цогтгэрэл нар түүний эсрэг нэгдэв

Ийнхүү хоёр талд хуваагдсан АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлэх нь тодорхойгүй болов. Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Ц.Оюунгэрэл нар С.Эрдэний талд орж дотоод сонгуулийг хуучин дүрмийнх нь дагуу зохион байгуулахаар тохирчээ. Гэтэл С.Эрдэнэ дотоод сонгуулийг нэр төдий өрсөлдөөн явагдсан болгоод өөрөө нэр дэвших сценари зохиогоод байгаа нь гэрэлд цохиулав. Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар Ерөнхийлөгчийн дотоод сунгаанд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Гэтэл одоо аль АН-ын сунгаанд орох нь ч ойлгомжгүй болжээ. Учир нь М.Тулгатын АН-аас С.Эрдэнэ өөрийгөө нэр дэвшүүлэх нь тодорхой болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Тэр энэ мэдэгдлээ эцсийн мөчид хийж сунгаандаа өөрөө өрсөлдөж ялах хамаг ажлаа ч бэлдсэн гэв.

Харин Ц.Элбэгдорж нар үүнийг эсэргүүцснээр С.Эрдэний тал дотроо дахиад хоёр хуваагджээ.Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж О.Цогтгэрэл нар тохироонд хүрсэн гэв. Тэд өчигдөр үндсэн дүрмийн хорооны хурал дээрээ ярилцаж хуучин хүчин төгөлдөр дүрмийнхээ дагуу ҮБХ-ны хурлаасаа нэг нэр дэвшигч тодруулахаар болсон гэв. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын аль алийг нь энэ асуудалд оролцуулахгүй гэдэг дээр гар барьжээ. АН-ын дүрмээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нийт гишүүдийн санал дээр үндэслэж ҮБХ-ноос нэр дэвшүүлэхээр зохицуулсан байдаг. Харин цар тахлын энэ үед бүх гишүүдийн саналыг хоёр тал хоёулаа хэлбэр төдий явуулах бөгөөд ҮБХ-ны шийдвэрээр нэр дэвшүүлэх юм байна. Хэдийгээр Ц.Элбэгдоржийн талынхан О.Цогтгэрэлтэй тохироо хийсэн ч С.Эрдэнэ ба МАН-ын тохироог ялах уу? Гэдэг нь сонин байна. С.Эрдэнэ “У.Хүрэлсүхэд талархаж байгаа, тэр үнэн үг хэлсэн” гэсэн үгээрээ хэнийг дэмжих нь тодорхой болсон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хэд хэдэн удаа уулзсан зэрэг яриа АН-д гарах болсон. С.Эрдэнэ өөрөө дэвшинэ гэдэг нь ерөнхийдөө У.Хүрэлсүхэд хадаг барьж байгаа хэлбэр юм. Тиймээс АН-ынхан С.Эрдэнээс бусад нь нэгдээд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээ өгсөн ч С.Эрдэнийг МАН-ынхан хүчээр нэр дэвшүүлэх магадлалтай. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Манай АН ойлголцож чадахгүй хоёр хүн нэр дэвшүүлнэ. Тэр хоёр нэрийг У.Хүрэлсүхийн багын найз СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран бариад орно. Ингээд У.Хүрэлсүх дарга нэгийг нь таална. Түүний таалсан хүнийг СЕХ бүртгэж У.Хүрэлсүхтэй өрсөлдүүлнэ” гэж хэлснээр бүх зохиол өрнөж МАН-ын захиалгаар С.Эрдэнэ нэр дэвших нь бараг ойлгомжтой болж байгаа бололтой.

О.Цагираг

БНСУ: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд тусгаарлалтын журам үйлчлэхгүй
БНСУ: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд тусгаарлалтын журам үйлчлэхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.