Лхагва гарагт Ливийн эрэг орчимд хууль бус цагаачид сууж явсан завь хөмөрсний улмаас 130 орчим хүн амиа алджээ. Завь хөмөрсөн талаар мэдээлэл авсны дараа ослын газар руу хөлөг онгоц илгээсэн байна. Тухайн үед гурван завь явж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь хөмөрсний дараа завин дээр явсан хүмүүсээс нэг нь ч амьд үлдээгүй аж.
Цаг уурын таагүй нөхцлийн улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан байна. Европын Холбооны хилийн хяналтын “Frontex” агентлагийн нисэх онгоцууд осол гарсан газраас холгүй резинэн завины хэсгүүдийг олжээ. Ливи улс нь Европын орнууд руу нэвтрэхийг зорьж буй Африкийн дүрвэгчдийн дамжин өнгөрөх гол цэг хэвээр байгаа юм.