Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайдын хүүхэд төрийн албанд, ардын хүүхэд CU-д тавтай морил

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 24 секунд

   Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр Австралид суух элчин сайдаар томилогдож байгаа бололтой. “Аав нь сайд, хүү нь төрийн нарийн бичгийн дарга нэг танхимд хамт сууж хэл ам болоод юу гэхэв бушуухан элчин сайд болоод яв” гэсэн юм байлгүй. Аль насандаа үйлдсэн буян, ямар аз хувиар олддог тансаглал гэхээр ийм сайхан өргөн сонголттой байдаг ч юм. За энэ ч яахав. Гол юмаа бичье.

   УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьжээ. Гол агуулга нь “гадаадын тэргүүлэгч их дээд сургууль төгссөн бол төрийн албаны шалгуур харгалзахгүй ажилд томилж болно” гэсэн ганцхан өгүүлбэртэй. “Төрийн албыг шинэчлэх хэрэгтэй. Гадаадад сайн боловсрол эзэмшсэн залуусаа татах ёстой” гээд л эх оронч, шударга зөв үндэслэлээ яриад хамгаалаад бараг батлуулах биз. Энэ талаар цахим сүлжээгээр “даргын хүүхэд төрийн албанд шалгалтгүй ордог, жирийн ардын хүүхдүүд махитлаа зүтгээд орж чаддаггүй кастын тогтолцооруу явж байна” гэсэн шүүмжлэл, мэтгэлцээн өрнөж байна. Энэ хууль “дарга нарын хүүхдэд зориулагдаагүй, гадаадад дээд боловсрол эзэмшээд эх орондоо ирж ажиллахгүй байгаа мянга мянган залуусын төлөөх хууль” гэж тайлбарлах байх.

  Ингэхэд тэд яагаад эх орондоо ирэхгүй байгаа вэ? Угтаа бол тэд төрийн албаны шалгуураас болоод ирэхгүй байгаа юм биш. Төрийн албыг яг ингэж дампууруулж байгаа учраас л ирэхгүй байгаа гэвэл үнэнд ойртох болов уу. Мэдлэг боловсролыг биш, улс төрийн нам, ураг саднаар нь дэвшүүлдэг шударга бус тогтолцоо байгаа учраас тэдгээр залуус эх орондоо ирэхгүй байгаа юм. Ардын хүүхдэд боломж олддоггүй, даргын хүүхдэд дардан зам зассан шударга бус тогтолцооноос болоод л чадварлаг залуус төрийн албанд орохгүй байгаа. Шударга бус байдал, зарчимгүй байдлаас л болж ирэхгүй байгаа болохоос төрийн албаны шалгалт, ажилласан жилээс айгаад ирэхгүй байгаа хэрэг огт биш.

Энэ хууль батлагдснаар ардын ба даргын хүүхдийн хооронд ямар ялгаа гарахыг олон таван үггүй дүрслэж үзэцгээе.

Ардын хүүхэд

Долоон буудлын Долгорын хүү долоон автобус дамжиж сургуульдаа ирлээ. Ангидаа орох гэтэл төлбөрөө төлөөгүй гээд хөөгөөд гаргав. Сургалтын төрийн сангийн зээл авах хүсэлт өгсөн боловч Засгийн газраас баталсан хөдөлмөрийн зах зээлд тэргүүлэх чиглэлээр суралцаагүй тул зээл өгсөнгүй. Монгол Улсад өчнөөн хуульч, эдийн засагч байна. Чи малын эмч, шаварчин, өрлөгчин болохгүй л бол улс чамд мөнгө зээлэхгүй гэж төр хэлсэн. Аргаа барсан хүү хичээлийн бус цагаар ажил хийнэ. “Сайн байна уу? CU-д тавтай морил” гэж өдөржин бөхөлзөөд англи хэл сурах цаг зав олдохгүй. Өдөр бүр ядрах тул хичээлээ хагас хугас ойлгож, арай хийн чээжилсэн гурван англи үгээ зүүдэндээ уусгаж орхино. Хэрвээ малын эмчээр сурсан бол зээл олдох нь ч олдоно. Гэхдээ улсдаа 3 жил ажилласны эцэст 50 хувийг нь л хөнгөлнө. Харин 50 хувиа заавал төлнө. Сургуулиа төгсөөд анкетаа барьж ийш тийшээ баахан гүйнэ. Ажил олдохгүй. Төрийн албанд ормоор байвч шалгалтаа заавал өгнө. Шалгалтаа өглөө гэхэд хамгийн бага шатлалаас эхэлж ажиллана. Чи өсөж дэвжье, дарга больё гэвэл хамгийн багадаа 15 жил махийтал яс ажиллах ёстой. Тэгж байж чамд боломж гарч ирнэ гэж төрийн абланы хууль нь маш тодорхой заагаад өгчихсөн. Гадаад хэл, онцгой ур чадвар байгаа бол энэ хугацааг 50 хувь тооцож болох ч тийм боловсрол эзэмших цаг хугацаагаа CU-д бөхөлзөж өнгөрүүлжээ. Арай хийн дотооддоо л гайгүйд тооцогдох их сургуулийг тэр мөнчигрөөрөө төгссөн юм. Гэтэл гадаадын том сургууль төгссөн бол төрийн албаны шалгуур хамаарахгүй гэдэг хууль батлагдснаар хүүгийн урмыг хугалж орхилоо. 30,40 мянган долларын төлбөртэй тэр сургуулиудад сурна гэдэг хүүгийн хувьд сэрүүн зүүд л гэсэн үг. Чи Монголдоо сурсан учраас хохь чинь! Монголын төр үндэсний биш гадаадын боловсрол илүү үнэ цэнэтэй! Монголынхоо боловсролыг дэлхийн жишигт хүргэх биш, Монголд л битгий сур, гадаадад төгсөөд ирвэл шалгалтгүй авна гэж төр нь албан ёсоор зарласан. Хүү хувь тавиландаа гомдох ёстой. Хүүгийн хүү ч мөн адил.

 

    Ардын намын хүүхэд

     Шал угаавал төгөлдөр хуур дардаг сайхан хуруу нь эвдэрчих тул хэзээ ч хувин барьж үзсэнгүй. Филиппин асрагчтайгаа 10 жил их дотно учраас англи хэл төрөлх хэл гэсэн үг. Бараг л Монголоороо ярьж чадахгүй. Учир нь зуны гурван сар газар үзэнгээ хэлээ сайжруул гээд аав ээж нь Сингапур руу хөөгөөд явуулчихдаг байжээ. Гадаад найзуудтайгаа бассейнд хэвтсээр байгаад Монгол хэл таг. Өөрийнх нь хүрээлэл ч дарга нарын хүүхдүүд учраас англиар л нэвтрэлцэнэ. Бараг Монголоор ярьсныгаа фракцаасаа хөөгөөд гаргадаг хуультай. Эцэг эх нь зөвхөн хичээлээ л сайн хий гэж шаардах учраас тэр шаардлагыг нь тун сайн биелүүлжээ. Ингээд хүү ч өөрийнхөө мундаг хэл, онц сурлагийнхаа ачаар гадаадын том сургуульд тэнцэхэд аав нь төрийн сангийн тэтгэлэг шийдэж баяр хүргэжээ. Өөр нэг аав охиндоо 100 сая төгрөг төрийн өмчит үйлдвэрээсээ гаргаж өглөө. Ардын хүүхэд ажил дээрээ 100 татаад халагдсан жишээ олон. Харин дарга бол 100 саяыг хусч байхад Засгийн газар зүгээр л сануулаад өнгөрдөг. Ингээд даргын хүү, найз охинтойгоо хамт Алс холын Америкыг зорилоо. Саадгүй сайхан сураад төгсөөд ирлээ. Амжилттай төгсөөд ирсэнд нь зориулж аав нь гадаадад сургууль төгссөн бол төрийн албаны шалгалт өгөхгүй гэсэн хуулийг баталж бэлэг барив. Хүү дарга боллоо. Арван жил гарын үсэг зурж тансаг өрөөнд суугаад төрдөө зүтгэснээ үнэлүүлж сургалтын зээлээс ч бүрэн чөлөөлөгдлөө. Түүний 10 жилийн тансаглал 100 мянган долларын цалинтай. Хэрвээ ардын хүүхэд болоод төрчихсөн бол дотооддоо малын эмчээр сурахгүй л бол төрийн зээл байхгүй. Харин даргын хүүхдэд бол дэлхийн том сургуулиудад илүүдэлтэй гэх хуульч, эдийн засагчаар сурах тэгээд бүр төрийн тэтгэлэг авах үүд хаалга нээлттэй. Хүү хувь тавиландаа баярлах ёстой. Хүүгийн хүү ч адил.

 
Холбоотой мэдээлэл: Сургалтын төрийн сангийн зээлээр суралцсан ч эргэн төлөөгүй дарга нарын хүүхдүүд
 

Барилга хот байгуулалтын сайд асан Х.Баделханы хүүхдүүд Арна, Галия: 2004 онд ану-ын де-врай их сургуульд суралцахаар 32,000 ам.долларын, 2004 онд английн худалдааны их сургуульд суралцахаар 32,000 ам.долларын зээл

ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр

2004 онд 34,000 ам.долларын зээлийг боловсролын сангаас авч шинэ Зеланд улсад Виктория их сургуульд суралцсан. Н.Анхбаяр одоо хздхя-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хүү Л.Мөнхдэмбэрэл 2009 онд 32,000 ам.долларын тэтгэлэг авч япон улсад ази номхон далайн их сургуульд суралцсан.

Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо: 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл авсан. Э.Золбоо барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.
 

УИХ-ын гишүүн, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг 2003 онд Канад улсын Ватерлоо их сургуульд суралцахаар 32.000 ам.долларын зээл авсан

Сангийн сайд асан с.баярцогтын гурван дүү Сангажавын Баярхишиг, Баярбат, Баярмаа нар тус бүр 32.000 ам. Долларын зээл авсан. Үүнээс С.Баярхишиг төлөөгүй

Алтжин группын захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн 2001 онд англи улсад суралцахаар 16.000 ам.долларын зээлийг авсан төлөөгү

УИХ-ын дарга асан С.Дэмбэрэлийн охин Д.Нямцэрэн 2001 онд АНУ-д суралцахаар 18.000 ам.долларын тэтгэлэг авсан ч төлөөгүй.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хадам дүү О.Алтан-Калифорнийн их сургууль 44 сая, О.Мичид-сан франциско 132 сая

Дээрх хүмүүс нь 2020 оны байдлаар сургалтын төрийн сангаас авсан зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэлтэй байна.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы охин Б.Хулан- Калифорнийн их сургуулийг, Улсын бүртгэлийн газрын дарга асан  Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа- Стрэйер их сургуулийг сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж төгссөн байна.

Мөн УИХ-ын гишүүн асан Э.Энхбаяр 2003 онд 6 мянган долларын зээл авсан ч арваад жил төлөөгүй явсан. Шадар сайд С.Амарсайханы хүү А.Энххүслэн төрийн сангийн зээл авсан асуудал л нь олон нийтийн шүүмжлэлд өртөж буцаагдсан билээ.  

О.Цагариг

 

УОК: Маргаашаас иргэд гэрийнхээ ойр байгаа цэгт очиж дархлаажуулалтад хамрагдана
УОК: Маргаашаас иргэд гэрийнхээ ойр байгаа цэгт очиж дархлаажуулалтад хамрагдана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.