Английн хөл бөмбөгийн “Ливерпүүл”, “Арсенал”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”, “Челси” клубүүд Суперлигээс гарлаа. Өмнө нь Английн "Манчестер Сити" клуб Суперлигээс гарч байгаагаа мэдэгдсэн байна. Италийн “Милан”, “Интер” багууд тун удахгүй Суперлигийг орхино гэж тус улсын спортын телевизийн “Sky Sport” сувгийн сэтгүүлч Фабрицио Романо мэдээлжээ.
Европын хөл бөмбөгийн шилдэг 12 клуб Суперлиг тэмцээн зохион байгуулна гэдгээ даваа гарагт зарласан юм. Эдгээр нь Английн "Манчестер Юнайтед", "Манчестер Сити", "Тоттенхэм", "Ливерпуль", "Челси" ба "Арсенал", Испанийн "Барселона", "Атлетико" ба "Реал", Италийн "Милан", "Интер" мөн “Ювентус” юм.
Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/, Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ болон бусад томоохон холбоод эсэргүүцсэнтэй холбоотойгоор тэмцээнийг үүсгэн байгуулагч клубүүдийн төлөөлөгчид мягмар гарагт цугларч, тэмцээнийг татан буулгах талаар ярилцжээ.