Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д ирсэн 3 тохиолдол, Говьсүмбэрт тусгаарлагдсан 2 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогоор тусгаарлагдсан хүн байхгүй гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Түүнчлэн дэлхийн улс оронд тархаад буй covid-19 халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор шуурхай ажиллаж буй эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газрын ажилтнууд зэрэгт дэмжлэг үзүүлэхээр монголын хүнсчдийн ууган үйлдвэрийн 1178 ажилтан нэг өдрийн цалин 39 сая төгрөгийг хандивлажээ.
2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар covid-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ.
Хятадаас гадна дэлхийн 25 улсын 900 тохиолдол бүртгэгдсэн. Харин Ази тивд 48 улс байдгаас 12-т covid-19 халдвар тархсан байна.