Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцууллаа.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй өвчилж 1,873 хүн нас бараад байна.
БНХАУ-д өргөн тэмдэглэдэг хаврын баяраар хөдөлгөөн их байсан учраас өвчин түргэн тархах нөхцөл болсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна. Нууц үе урт. Энэ өвчний дамжих зам одоог хүртэл тодорхойгүй байна. ДЭМБ-аас шинэ коронавирусийн эсрэг авсан арга хэмжээний хүчийг сулруулахгүй байхыг анхааруулж байгаа.
Манай улсаас БНХАУ-д ажиллаж амьдран, аялаж байгаад ирсэн 179 иргэнд ажиглалт хийж, шинжилгээ авсан. Нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг салбар дундын судалгаа хийхэд Монгол Улсад тус вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр гэсэн үнэлгээ гарсан.
Засгийн газар нөхцөл байдлыг хэлэлцээд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгах тухай Засгийн газраас тогтоол гаргалаа. БНХАУ-д гарсан халдварын тархалт буурахгүй байгаа тул тус шийдвэрийг гаргаж, сунгаж байна.
Тус шийдвэрийг гаргаснаар цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн сургалтын үйл ажиллагаа хойшлоод зогсохгүй олон нийтийн хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй.
Түүнчлэн сар шинийн өдрүүдэд хот хоорондын замыг хаах асуудлын талаар Засгийн газар одоогоор хэлэлцээгүй. Цагаан сар болоход нэлээд хоног дутуу байгаа тул нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргана. Зарим аймгууд зам хаах шийдвэрийг бие даан гаргасан байна. Журам ёсоороо Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтран уг шийдвэрийг гаргах ёстой” гэв.