Хүн бол нийгмийн амьтан юм. Иймд удаан хугацааны хөл хорионоос үүдэн нийгэмтэй харилцаж чадалгүй гэртээ хөл хорионд орсон хүмүүсийн сэтгэл зүйд стрессээс үүдэн ямар өөрчлөлт гарч байгаа болон хэрхэн даван туулах тухай "АНУ" Гэр бүл, хүүхэд хөгжлийн төвийн менежер, гэр бүл судлаач О.Болормаатай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
-Хөл хорио тогтоосон энэ үед хүмүүс гэр бүлээрээ ихэнх цагийг хамт өнгөрөөж байна. Энэ нь хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ?
-Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед иргэн бүрийн тэр дундаа өрх гэрийн гишүүдийн хувьд бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Энэ бол онцгой нөхцөл байдал үүсэж байна гэсэн үг юм. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал үүсэхэд иргэд, олон нийтэд үл итгэх, хэт цуурхалд автах, айдаст автах, үл тоомсорлох, халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхах зэрэг асуудлууд үүсэж сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж эхэлдэг. Учир нь тухайн хувь хүний амьдралын баталгаат байдал алдагдаж, итгэл алдарсан үед бухимдаж сөрөг зан үйл гаргах нь ихэсдэг. Хөл хорио тогтоосноор гэр бүлтэйгээ байх цаг ихэссэн нь зарим гэр бүлд давуу талтай, зарим гэр бүлд сөрөг талтай байж болох юм. Гэр бүлд
- Нөхөр-Эхнэрийн
- Эцэг, эх- Хүүхдийн
- Ах, эгч, дүүс хоорондын дунд харилцааны түвшин бий болж байдаг.
Гэр бүлийн гишүүдийн дээрх харилцааны түвшин эрүүл, чанартай эсвэл зөрчилтэй, тааламжгүй байна уу гэдэг чухал. Харилцааны хувьд зөрчилтэй гэр бүлд нийгэм, сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд буюу эдийн засгийн тогтвортой байдал алдагдах \өр зээлэнд орох\, ажиллах горим алдагдах, халагдах, өвчин, гэнэтийн цочрол, гэмтэл архидалт, хүчирхийлэл зэрэг сөрөг мэдрэмжүүд нэмэгдэх нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох суурь болж байгаа юм. Энэ нь ихэвчлэн гэр бүлийн гишүүд стресс болон депресст орох нөхцөл болж байна.
-Стресс гэж юу вэ?
-Хүний бие мах бодь, сэтгэл зүйд нийгмийн харилцааны зохих түвшингээс хэтэрсэн ачаалалд тухайн хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг “стресс” гэж нэрлэнэ. Стрессийн түвшинг үнэлэх тест, асуултууд бий. Үүнийг өндөр, дунд, бага гэж тогтооно. Стресс бага ба өндөр байх нь сэтгэл зүйн хувьд тогтвортой бус байна гэж ойлгож болно. Харин дунд байвал тухайн хүний стрессийн түвшин тогтвортой байна гэсэн үг.
Бидний дунд стресс бага байвал “өө ашгүй, би стрессгүй юм байна” гэдэг ойлголт байдаг. Гэвч хүн огт стресстэхгүйгээр амьдрах боломжгүй буюу эерэг, сөрөг байдлаар хүний амьдрал ээлжилдэг тул, тухайн хүний амьдралын идэвх, зорилго, итгэл үнэмшил буурсан байна гэж үздэг.
-Эерэг ба сөрөг стрессийн тухайд дэлгэрүүлбэл?
-Товчоор хэлбэл эерэг стресс нь бидний баярлах, бахархах, талархах, сөрөг стресс нь уур бухимдал үүсгэж, өөртөө итгэх итгэл буурах зэрэг харилцааны сэтгэл хөдлөлтэй холбоотой.
Удаан хугацааны сөрөг стрессийн мэдээлэл нь хүний тархины “амигдала” гэх гүйлсэн булчирхайгаар дамжуулагдан “духны хэлтэн” хэсэгт дэх сэтгэл хөдлөлийг хянан, шүүн тунгаахад нөлөөлдөг. Үүнийг гиппокампусд боловсруулж өнчин тархийг өдөөнө. Ингэснээр өнчин тархинд “кортизол” хэмээх стрессийн гормон ялгарч бөөрний дээд булчирхайд цочрол өгөн судсаар дамжин бидний бие махбодод таагүй байдлыг үүсгэдэг. Цаашилбал тархины идэвхжлийг бууруулдаг байна. /зургаар үзүүлэв/
Энэ нь бидэнд сэтгэл зүйн хувьд ядрах, хэт мэдрэмтгий болох, ууртай болох, ганцаардах, хэт бодолд автах, айж сандрах, сэтгэлээр унах, бие махбодын хувьд толгой өвдөх, нойргүйдэх, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүдээр илэрнэ.
-Хөл хорионд байхдаа сэтгэл зүйн хямралд орохгүйн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
- Дээр дурдсан стрессийн таагүй мэдрэмжүүдийг мэдэрч буй хүн зан байдал, үйлдлийн хувьд таагүй болдог. Үүнийг “бодол-мэдрэмж-үйлдэл” гэдгээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл эерэг бодлоос- эерэг мэдрэмж төрж-эерэг үйлдэл бий болно. Сөрөг бодлоос- сөрөг мэдрэмж төрж –сөрөг үйлдэл бий болдог байна. Иймээс стрессээс ангижрахад “бодлоо хянах” тусалдаг.
Хүмүүс мэдээллийн ойлголтын хувьд харилцан адилгүй байна. Баталгаатай эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл авч шүүлтүүртэй хандан сэтгэл зүйн байдлынхаа тогтвортой байдлыг хангах нь зөв юм. Мөн тогтмол биеийн хөдөлгөөн хийх, дотны хүмүүстэйгээ чин сэтгэлийн яриа хийх, шинэ дадал хэвшил, хобби бий болгох, чанартай харилцааг үүсгэх хэрэгтэй.
-Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь хөл хорио хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөхтэй холбоотой юу?
- Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдлаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл бий болж байна уу? Үгүй юу? Гэдэг асуудал болов уу? Дээр дурдсанчлан гэр бүлийн харилцаа зөрчилтэй үед хөл хорионд орох нь хүчирхийлэл нэмэгдэх хүчин зүйл болж байгаа юм. Иймээс төрийн байгууллагууд бодлогын хүрээнд олон нийтийн сэтгэл зүйн, гэр бүлийн гишүүд тэр дундаа эцэг эх, насанд хүрэгчид хариуцлагаа нэмэгдүүлж гишүүдийн сэтгэл зүйн боловсролд байнга анхаарч байх нь чухал юм.
- Нойргүйдэлд орох шалтгаан болон авбал зохих арга хэмжээ?
- Бие физиологийн хувьд таагүй зовиуртай, ужиг, архаг өвчтэй зэрэг эрүүл мэндийн шалтгаан
- Амьдралын буруу хэв маяг буюу утас, дэлгэц зэргээс ялгарах хэт ягаан туяа нь хүнийг унтахад ялгардаг мелатонин гормоны \энэ гормон нь бүрэнхий болоход ялгардаг\ идэвхжлийг бууруулдаг мөн хөдөлгөөнгүй байх, эрүүл бус хооллолт, кофе, сэргээгч хэрэглэх, унтлагын өрөө болон орны эрүүл ахуй алдагдсан, тухгүй байх
- Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай удаан хугацаанд явах
- Бага наснаас нь үйлдэл болгон хэвшүүлж сургаагүй асуудлууд гол нөлөөлж байна.
Иймд нойргүйдлээс ангижрах арга хэмжээ бол:
- Эрүүл мэнддээ анхаарах
- Амьдралын хэв маягтаа анхаарах. Жишээ нь ор бол унтах зориулалттай юм. Гэвч орондоо ажлаа хийх, ном, сонин унших, заримдаа идэх, утас тоглох, кино үзэх гэх мэт олон үйлдэл хийж байгаа нь тархинд энэ бол унтах зориулалттай зүйл гэдгийг алдагдуулсан дохио өгч байна гэж ойлгож болно. Тиймд зөвхөн унтах цагтаа орондоо орох нь чухал юм.
- Хэрэв өөрийгөө сэтгэл зүйн хямрал, тулгамдсан асуудалтай байна гэж үзвэл дотны хүмүүстэйгээ ярилцах эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй.
- Эцэг эхчүүд маань хүүхдээ чиглүүлдэг байх. Чиглүүлнэ гэдэг бол зааварлах гэсэн үг биш шүү. Багаас нь хүүхдэдээ унтах дадал хэвшлийг бий болгох хэрэгтэй.
Жишээ нь: 22:00 цагт унтах байлаа гэхэд 21:00 цагт үлгэр уншдаг, хөнгөн ярилцдаг, 21:30 цагт шүдээ угаадаг үлдсэн хугацаанд гэрлээ бүдгэрүүлэн, хөнгөн амраах тайвшрах хөгжим сонсдог тэгээд орондоо ордог гэх мэт унтахын өмнө дохио болгож байнга хийдэг үйлдэлтэй болох нь чухал юм. Насанд хүрэгч ч мөн өөртөө ийм унтахын өмнөх дадал бий болгох нь чухал.
-Дэлгэцийн хамааралд орж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Хэрхэн зайлсхийх вэ?
Таны
- Компьютер буюу дэлгэц ашиглах хугацаа хязгаарлагдах үед сэтгэл санаа тайван бус болж байна уу?
- Онлайн байхын тулд чухал хийх ёстой ажлуудаа хийж чадахгүй байх асуудал үүсэж байна уу?
- Гэр бүл, найз нөхөд чинь таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж, зөвхөн утсаа оролдоод суух нь эрх чөлөө шиг санагдаж байна уу?
- Компьютер хэрэглэх хугацаа нь өдөрт хоёр цагаас дээш байна уу?
- Гар утас, компьютер хэрэглэсэн хугацаагаа бусдаас нууцалж байна уу?
- Ямар нэг байдлаар дэлгэц хэрэглээгүй үедээ тоглоомын тухай бодох, тоглох төлөвлөгөө зохиох зэрэг нөхцөлд орж байна уу?
- Өөр ямар ч зүйл хийх тэмүүлэлгүй болсон уу?
Хоёроос дээш асуултад тийм гэж хариулсан өөртөө анхаарах цаг болжээ. Дэлгэцийн хамааралтай байх нь тухайн хүний анхаарал төвлөрөхөд саад болж байдаг. Улмаар бүтээлч чанар алдагдана. Хүн амьтнаас ялгаатай нь аливаа асуудалд ухамсартайгаар хандан шийдвэр гаргах чадвартай юм. Дэлгэцийн хамаарал, өдөр тутмын хэмнэлээ зохицуулах нь тухайн хүнээс бүрэн хамаарна. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэх нь өөрөө асуудлыг үүсгэж, хүндрүүлж байдаг. Дэлгэцийн дон болсон, хэт хамааралтай болсон асуудалд мэргэжлийн хүний туслалцааг авах нь зүйтэй юм.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.