Хэлсэн үг
"Иргэд нийтийн тээвэрт итгэдэг болж байж энэ олон машины хэрэглээ багасна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно. Гэхдээ мэдээж үүнийг хүчээр хийж болохгүй..." гэж Монгол Улсын Ерөнхий сайд нийтийн тээврийнхэнтэй уулзах үедээ мэдэгдэв.
Баян хүн л бол хулгайч. Төрийн албаныханыг цээрлүүлнэ... Энэ хоёр үг сүүлийн үед улс төрд тодорч гарахыг хүссэн хүн бүрийн амны уншлага болчихлоо. Бүр төр засгийн тэргүүд нь хүртэл энэ чиг хандлагыг өөртөө нутагшуулж, иргэдээс нэмэх оноо зулгааж харагдана.
Энэ бодлогогүй, болчимгүй хандлагаас чинь улбаалаад Монголоор нэг мөнгөтэй хүн, төрийн албан хаагч хоёрыг үзэн ядагсад нэмэгдэв. Ажил хөдөлмөр эрхлэхдээ гол анхаарлаа хандуулах биш, хулгайч, авилгачаар нь бусдыг дуудах ач холбогдол өгч, төрөөсөө өгсөн халамжаараа утасныхаа датагаа цэнэглэгчид олчирчээ. Иргэд асуудал ярихаар номхон тэмээг ноолоход амар гээд төрийн албаны хэдийгээ “нүүр нүдгүй балгаад” байхаар цалин бага, даргын царай харсан утгагүй төрийн албанд чинь ирээдүйд хэн ажиллах юм бэ.
Хүний эрх
Үндсэн хуулиндаа "...эрхэлсэн ажил, албан тушаал..."-р ялгаварлан гадуурхаж болохгүй, "хүн өмч хөрөнгөтэй байж, түүнийгээ ашиглаж эзэмшиж болно" гээд заачихсан. Гэтэл сүүлийн үеийн Ерөнхий сайдууд ардчилсан үзэл баримтлалаасаа ухарсан зүйл удаа дараа яриад байгааг ойлгоход ухаан үнэндээ хүрэхгүй юм.
Ерөнхий сайд бодлого боловсруулж УБ-ын түгжрэл, автомашины хэт ачааллыг бууруулах шат шатны арга хэмжээг авахын оронд нөгөө л муу нэртэй төрийн албаны хэдийгээ залхаан цээрлүүлэх нь үү дээ. Хот, Засгийн газар хоёр нийлээд алсын хараатай бодлого боловсруулчихаж чадахгүй байгаа бол сонголтоо хийсэн бидний л буруу. Гэхдээ бид та бүхнийг сонголоо гээд бидний эрхийг битгийн зөрчөөрэй гэж хүсье, Ковид гэх нэрийдлээр ардчилсан тодотголтой иргэдийнхээ жам ёсны эрхийг хангалттай зөрчсөн.
Улсын хэмжээнд 200 орчим мянган төрийн албан хаагчид бүх давхаргынхан ажиллаж, бас хөдөлмөрлөж байгаа. Үүний хэд нь нийслэл хотод ажилладаг вэ, хэд нь түгжрэлийн төв цэгт ажиллаж байгаа вэ гэдгийг тооцож үзсэн үү. Үүнээс чинь хэд нь хувийн унаатай вэ гэдгийг нарийвчилж гаргавал хошиг шог шиг тоо гарч мэднэ шүү. Аливаад тооцоо судалгаатай, сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг төр засгааса хүсмээр байна. Өнгөрсөн 10 жилийг бид попролын уянгын халил дунд хангалттай төөрч будилав. Маргаашийг ийм байхыг бид хүсэхгүй байна.
Төрийн албан хаагчдыг хувийн унааг нь ашиглуулахгүй гэдэг тогтоол гаргаж болно гэж хэлч чадаж байгаа юм чинь хийж бас чадна л гэсэн үг. Ингээд нөгөөдөр хотын төвд ажилладаг иргэдийн машиныг унуулахгүй гэдэг тогтоол бас гарна. Яагаад өнгөрсөн хугацаанд төр барьсан та бүхний буруу бодлогоос замын түгжрэл, хот төлөвлөлт чинь утгаа алдчихсан байхад иргэд хариуцлага хүлээх ёстой юм бэ. Үүнд та хариулт өгөөч.
Дарга нар өөрсдөө яахын
За, дарга нар муйхарлаад төрийн албан хаагчдыг машинаараа ажилдаа ирэхгүй автобусанд суу гэдэг тогтоол гаргалаа гэж бодъё. Тэгвэл өглөө орой, ер нь хүссэн үедээ зам хааж түгжрэл дээр түгжээ нэм, иргэдийнхээ ажил хөдөлмөрт гай болдог төрийн гурван өндөрлөг бас автобусаар зөрчих уу. Төв цэг машинаараа зорчиж байгаа 30 мянга ч хүрэхгүй төрийн албан хаагчдын үүсгэж буй түгжрэл, зогсоолын асуудлаас илүү Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй зам хаагчид иргэдийг ажилдаа ирж, явах тэр цагт хамгийн их гай барцад болдог.
Ер нь манайх шиг жижиг улсад дарга нарын эрх ямба арай хэтэрхий. Япон, Герман гээд манай улстөрчдийн хамгийн түгээмэл хуулийн "хулгайлдаг" улсуудад төрийн тэргүүд манай гурав шиг л лав сүр бадраадгүй юм билээ. Иргэн хүний эрхийг зөрчдөг дээрээ тулвал хамтдаа автобусаар яваарай дарга нараа.
Гарц байхгүй юу
Түгжрэлийг шийдчих гарцыг бодоод олчих хүн огт алга уу. Бодлого боловсруулчих сэтгэл алга уу. Хэдэн жилийн дараахаа хараад ажил төлөвлөчих ухаантан ч алга бололтой. Автомашинтай холбоотой асуудлыг цэгцлэх гэж буй бол импортын машинууддаа он зааж, нийтийн тээврийн үйлчилгээгээ бүрэн шинэчил. Дайрчих шахсан автобус үйлчилгээнийхээ харилцаа хандлага, орчин нөхцөл, явах маршрутаас нь эхлээд бүрэн өөрчлөлт хийж байж хотын проблем багасна. Гэрийнхээ гаднаас тохилог, цэвэрхэн, хүссэн газарт нь аюул осолгүй аваачих, хүлээлгэж хөлдөөгөөд байхгүй нийтийн тээвэр байхад төр, хувийн хэвшилгүй нийтийн тээврийг сонгож үйлчлүүлнэ.
Асуудлыг ингэж үндсээр нь харж шийдэхгүйгээр хорино, цагдана, шийтгэнэ гэх хандлагаар явбал бид байгаа газраа л хий эргээд зогсохоо цаашгүй.
Г.Лхагваа