Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэн хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай аж.
Монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч эд баялгаар элбэг, эрүүл саруул байна хэмээн бэлэгшээдэг. Мөн ханш нээх өдөр Монголчуудын хувьд өөд болсон хайртай дотны хүмүүсээ дурсан санах бурхан бологсоддоо эргэж, хүндэтгэл үзүүлэх өдөр болгон өнгөрүүлдэг. Мөн энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог байжээ.
Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг аж.
Түүнчлэн ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг уламжлалтай.
Энэ жилийн ханш нээх өдөр нь хаврын дунд цагаагчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр буюу өнөөдөр тохиож байна.