XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн Ханш нээх өдөр өнөөдөр /2022.04.05/ тохиож байна. Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас сүүл сарын хоорондох хугацаа буюу хаврын урь орох өдрийг хэлнэ. Эл өдөр байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орох бөгөөд газар шороо гүйцэд гэсч, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг юм.
Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж, амьтад ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай.
Монголчууд энэ өдөр хийсэн буян нь арвижин дэлгэрч, эд баялгаар арвин байна хэмээн бэлгэшээдэг. Мөн өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг байна. Харин хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг.
Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлгэддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.