ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус ойрын хугацаанд хамгийн багадаа 10 сая тун вакцин хандивлахыг чинээлэг орнуудад хандан уриалсан байна. Хэрвээ эхний ээлжинд 10 сая тун вакцин хандиваар ирвэл ДЭМБ 2021 оны эхний 100 хоногт дэлхийн бүх улс орнуудад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлүүлэх зорилтдоо хүрэх юм байна.
Дэлхий даяар коронавирусний эсрэг вакцин тэгш хүртээх зорилготой, НҮБ-ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа "КОВАКС" хөтөлбөр вакцины хомсдолтой тулгараад байна. Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улс "КОВАКС" хөтөлбөрөөс коронавирусний эсрэг вакцины эхний багцаа авахаар хүлээж байгаа юм байна.
Мөн ДЭМБ-аас биотехнологийн компаниудыг вакцин үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, хэрвээ вакцин захиалгаас илүү гарвал буурай, бага орлоготой орнуудад хандивлахыг вакцин үйлдвэрлэгчдэд уриалж байна.
Үүний зэрэгцээ улс орнууд биотехнологийн компаниудтай нууцаар гэрээ хэлэлцээр байгуулж байгаа нь хөгжиж байгаа улсуудад очих ёстой вакцины тоог бууруулж байна гэж ДЭМБ шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
"КОВАКС" хөтөлбөрт ойрын хэдэн сард олон зуун сая вакцин авах хэрэгцээ байгаа учраас биотехнологийн компаниуд ч нууц яриа хэлэлцээнд орохгүй байх нь ёсзүйн хувьд зохистой алхам байх юм гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
Пүрэв гарагт ДЭМБ-ын дэргэдэх "КОВАКС" хөтөлбөрийн түнш ГАВИ вакцины нийлүүлэлт хомсдож байгаагаас үүдэн тавдугаар сар хүртэл 90 сая тун вакцины нийлүүлэлт хойшлох болсныг мэдэгдсэн байна.