АНУ ОХУ-ыг зэвсэг экспортлох, импортлохыг бүрэн хориглосон улс орнуудын жагсаалтад оруулж байгаа тухай Төрийн департаментын цахим хуудаст нийтлэгдсэн баримт бичигт дурджээ. Тус шийдвэр гуравдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.
"АНУ-ын бодлого бол ОХУ-д зориулагдсан батлан хамгаалахын бүтээгдэхүүн, батлан хамгаалахын үйлчилгээг экспортлох тусгай зөвшөөрөл, бусад зөвшөөрөл олгохоос татгалзах явдал юм" гэж уг баримт бичигт дурдсан байна.
Сансрын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд болон 9 дүгээр сарын 1 хүртэл хэрэгжих арилжааны чиглэлтэй сансрын хөтөлбөрийн үйл ажиллагаанд дээрх шийдвэр хамаарахгүй аж. Баримт бичгээс үзвэл, ОХУ Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Кипр, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Эритрей, Ирак, Ливан, Ливи, Сомали, Өмнөд Судан болон Зимбабве улстай нэг жагсаалтад багтжээ.