-УИХ-ын 76 гишүүн өөрсдийн сонголтоор коронавирусний эсрэг вакцин хийлгэнэ-
Монгол Улс иргэдээ коронавирусний дархлаажуулалтад хамруулаад 20 хонож байна. Манай улс хандиваар авсан 460 мянган тун вакцины нөөцтэй. Тодруулбал, БНЭУ-ын “AstraZeneca” 150 мянган тун, БНХАУ-ын Синофарм 300 тун, ОХУ-ын Спутник-V 10 мянган тун вакцин бий. Мөн Япон улс 2.7 сая тун вакцин хандивлахаа мэдэгдээд байгаа.
Вакцинжуулалтад /2021.03.12/ байдлаар 67489 хүн хамрагджээ. Үүнээс 50 гаруй мянган хүн БНЭУ-аас “AstraZeneca” вакцины эхний тунг хийлгэсэн гэж ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээлсэн.
“AstraZeneca” вакцин хийлгэсэн хүн цусны бөөгнөрлөөс болж нас барсан. Зарим орон энэхүү вакциныг түр хориглосон гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнээс шалтгаалж, Европын найман улс энэхүү вакциныг тарихаа түр хойшлуулжээ. Цусны бөөгнөрөл вакцинтай холбоотой байна уу, эсвэл өөр шалтгаанаас болж байна уу гэдгийг тогтоохоор ДЭМБ-аас ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЭМЯ-ны сайд С.Энхболд нар ард иргэдэд вакцин хийлгэхийг уриалж, “AstraZeneca” вакцины эхний тунг 2021 оны хоёрдугаар сарын 23-нд хийлгэсэн билээ. Харин Улаанбаатар хотын дарга Л.Сумьяабазар, шадар сайд С.Амарсайхан нар БНХАУ-ын Синофарм вакциныг хийлгээд байгаа. УИХ-ын 76 гишүүн өөрсдийн сонголтоор коронавирусний эсрэг вакцин хийлгэнэ гэсэн мэдээлэл байна. Одоогоор вакцинжуулалтад хамрагдсан алба хаагчид болон иргэд өөрсдийн сонголтоор хийлгээгүй юм.
-Иргэдийн 60 хувь нь ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник-V” вакцин хийлгэх хүсэлтэй байна-
Иргэд “Коронавирусний эсрэг вакцины талаар хэр мэдээлэлтэй байгаа болоод вакцин хийлгэх үү, хийлгэх бол аль улсын ямар вакциныг хийлгэх вэ” гэсэн асуултад дараах хариултыг өглөө.
Үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч: "Цагдаагийн албан хаагчдад нэгдсэн журмаар БНЭУ-д үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцины эхний тунг хийсэн. Хоёр дахь тунг нь 28 хоногийн дараа хийлгэх юм билээ. Биднээс ямар вакцин хийлгэх талаар санал аваагүй. Надад зовиур илрээгүй." гэсэн юм.
Ихэнх хүмүүс вакцины талаар мэдээлэл бага байгаа бөгөөд вакцинжуулалтад шаардлагатай бол хамрагдана гэсэн юм. Мөн асуултад оролцсон хүмүүсийн 60 орчим хувь нь ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник-V” вакцин хийлгэх хүсэлтэй байв.