МоАХ-ны гишүүн, Ардчилсан намын ахмад гишүүдийн, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа. Тэрбээр АН-ын даргын сунгаанд оролцохоор материалаа бүрдүүлэн өгөөд байсан ч эцсийн мөчид нэрээ татаж, сунгаанд оролцоогүй. Тиймээс энэ талаар нь тодруулаар АН-ын ҮБХ-ны хурлын үеэр ярилцлаа.
-Та яагаад намын даргын сунгаанаас нэрээ татсан бэ?
-Эд нартай би өрсөлдвөл ялчих учраас. 16 хүн өрсөлдөнө гэхээр ялагч нь нийт сонгууль өгсөн хүний 10 хувь нь саналаа өгөхөд л ялалт байгуулчихна. Тэгвэл нийт намын гишүүдийнхээ 5-6 хувийнх нь саналаар намын даргын алба хашиж болох уу. Тэгж санал хувааж байхаар гээд залууст боломж олгосон.
-Гэхдээ л анхнаасаа намын даргад өрсөлдөх гээд материалаа өгсөн юм чинь үзээд алдсан бол дээргүй юу?
-Намын дарга хэн байх нь гол нь биш. Гол нь бодлого байхгүй юу.
-МоАХ-аас та төлөөлж өрсөлдөх саналаа өгсөн байсан. МоАХ бол ардчилсан хүчний анхдагчдын нэгдэл. Тиймээс намаа нэгтгээд, нам шиг нам байлгая гэсэн нэгдсэн санаанд хүрч таныг дэвшүүлж байна гэж анх ойлгож байлаа...
-Хамгийн сонин нь энэ 19-нд дахиад намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж авах гэж байна.
-Тэр нь ямар учиртай юм бэ?
-Ардчилсан намын даргын сунгааг Дотоод сонгуулийн хороо зарласан.
-Аан С.Эрдэнэ даргын талынхан уу?
-Тийм ээ. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл энд өрсөлдсөн хүмүүс тэнд ч гэсэн очоод өрсөлдөх хэрэгтэй. Тэгээд нэр дэвшигчид нэгдээд намаа цааш нь аваад явах ёстой. Одоо бол нэг нам, хоёр дарга бий болчихоод байна. Хэрэв энэ хэсгээс нэг дарга, нөгөө хэсгээс нэг дарга гараад ирвэл дахиад л шинэ Туваан, шинэ Эрдэнээ гараад ирнэ. Гарсан хүнээ шаварт хутгачихна. Одоо ҮБХ, Дотоод сонгуулийн хороо 2, 2 байгаа. Одоо дахиад 2 их хурал, 2 ҮБХ болох юм уу. Тэгээд хоёр дарга гараад ирэхээр алийг нь бүртгэж авах вэ. Би тэрнээс сэрэмжилж байна. Тиймээс бүх нэр дэвшигчдээ тэнд ч гэсэн нэрээ дэвшүүл гээд уриалж байна. Энэ дундаас нэг л хүн гарах ёстой. Нэр дэвшигчид хэдэн зууд хүрэхгүй байлгүй дээ.
-АН хоёр даргатай болчихоод байгааг МоАХ-ынхан хэрхэн харж байна вэ?
-МоАХ-ын фракц гэж бараг байхгүй болчихсон шд. Ер нь бол би АН-ын генсек байсны хувьд юу гэж харж байна вэ гэхээр нэгдэж урагшаа яваасай л гэж бодож байна. Гол нь бодлого. Би анхнаасаа зах зээлд шилжүүлэх улс төр, эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, намын анхны дүрмийг бичилцэж байсан хүний хувьд цоо шинэ үзэл баримтлал дэвшүүлж байна. Урвуу хөгжлийн онол гэж боловсруулсан. Энэ нь юу гэхээр чамайг хоёр жилийн дотор л 96500 еврогийн капиталтай болгоно. Бүх нам л энэ талаар ярьж байна. 2030 он гэхэд л хүн бүрийг 10 мянган ам.доллартай болгоно ч гэх шиг. Хүк сая 2050 онд 15 мянган ам.доллартай болгоно гээд. Энэ бол амархан. Хоёр жилийн дотор 400 гаад сая төгрөгтэй болох нь байна. Тэгвэл чи яах юм. Омог бардам явна биз дээ.
-Та АН даргын сунгаанд оролцогчдоосоо сонгуулийн зардал гэж мөнгө хурааж авдгийг юу гэж хардаг вэ?
-Тэр бол жижиг асуудал. Ямар тооцоо гарна тэрийг нь багасгаж, ихэсгэж болно. Хамгийн гол нь бодлого. Чамд 96500 евро чухал уу, намын дарга чухал уу.
-Одоохондоо бол АН учраа олж, нам шиг нам, цөөнх шиг цөөнх байгаасай л гэж хүсч байна...
-Аяндаа учраа олно оо. Энэ чинь түр зуурийн ханиад байхгүй юу. Манай нам ковид тусчихсан байгаа нь л энэ. Удахгүй эдгэрнэ.