Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. "Монгол Улсын шүүхийн 2019 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээ” сэдвээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар мэдээлэл хийв. Мөн "Шүүхийн ачаалал” сэдвээр Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Ц.Амарсанаа мэдээлсэн юм.
Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд эрүүгийн 13427 хэрэг, иргэний 43397 хэрэг, захиргааны 1747 хэрэг, зөрчлийн 18398 нийт 76969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17829 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 1302 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3162 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар, захиргааны хэрэг 1.7 хувиар, зөрчлийн хэрэг 36 хувиар тус тус өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2019 онд эрүүгийн 2286 хэрэг, иргэний 3082 хэрэг, захиргааны 1416 хэрэг, зөрчлийн 363 хэрэг, нийт 7147 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2019 онд эрүүгийн 927 хэрэг, иргэний 1332 хэрэг, захиргааны 608 хэрэг, нийт 2867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс 21.5 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.