АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин, Крым дахь нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ үйлчлэх хугацааг нэг жилээр сунгажээ.
Дональд Трампын засаг захиргааны 2018 онд болон АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн Крымын асуудлаар 2014 онд Оросын эсрэг авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг тийнхүү сунгасан байна.
“Захирамжид дурдагдаж буй үйлдэл, бодлого нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд онцгой аюул заналхийлэл учруулсан хэвээр байгаа учир хоригийг нэг жилээр сунгаж байна” хэмээн баримт бичигт дурджээ.
Украин дахь нөхцөл байдал хийгээд Крымыг Оростой нэгтгэхтэй холбоотойгоор АНУ анх 2014 оны 3 дугаар сард Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Хоригт Оросын хэд хэдэн банк, компани, томоохон бизнес эрхлэгчид, өндөр дээд албан тушаалтнууд, Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн засгийн газрын албан тушаалтнууд, Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард улсын удирдлага багтжээ. Хориг арга хэмжээг нэг бус удаа сунгаж, өргөтгөсөн юм.
2014 оны гуравдугаар сард Украинд улс төрийн хямрал, төрийн эргэлт болсны дараа Крымийн Дээд зөвлөл, Севастополь хотын зөвлөл тусгаар тогтнолын тухай тунхгийг баталсан юм. Гуравдугаар сарын 16-ны өдөр Крым, Севастопольд бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд Крымийн иргэдийн 96.77 хувь нь Севастополийн оршин суугчдын 95.6 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжжээ. Гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, дараа нь уг гэрээг Төрийн Дум болон Холбооны улсын зөвлөл баталжээ. Крымийн ард иргэдийн хүсэл зоригийн үр дүнг Украины эрх баригчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ.