-ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ ЯВЖ БОЛОХГҮЙ-
Нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа сэдэв бол цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны албан тушаалтан, улс төрчид болон иргэд өмсөж байгаа тухай. Тэгвэл уг асуудлаас үүдэн цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.
Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д:
“Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй. Мөн олон нийтийн газраар цэргийн дүрэмт хувцастай явж болохгүй” гэж заажээ.
Түүнчлэн "Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг нөгөө л дээр дурдсан буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно" гэсэн байдаг.
-ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦСЫГ ӨМСӨХ ЭРХГҮЙ ЭТГЭЭД ӨМСВӨЛ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО-
Цэргийн дүрэмт хувцас гэдэг бол өөрийн үүх түүхтэй, дүрэм журамтай, тэр нь төрийн тэргүүний зарлигаар хуульчлагдсан байдаг. Аль ч улсын зэвсэгт хүчний аль нэгэн төрлийн цэрэгт харьяалагдан алба хааж байгааг болон цэргийн цолыг нь илтгэн харуулах таних тэмдэг. Хүссэн хэн нэгэн шүүрч аваад гангалж болох хувцас биш гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д өөрчлөлт оруулах нэгдүгээр шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, эдлэх эрхгүй хүмүүс буюу төрийн зарим алба хаагч, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой. Хоёрдугаарт, жигдрүүлэх зорилготой жижиг өөрчлөлтүүд багтаж байна. Мөн олон нийтийн газар цэргийн дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй этгээд өмссөн тохиолдолд хариуцлага тооцдог болох тухай дурдсан билээ.
-ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨЖ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН УЛС ТӨРЧИД-
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан цэргийн дүрэмт хувцас өмсөөд Засаг дарга нарыг командалж буй зураг сошиал хэрэглэгчид болон олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүлээсэн. Тэрбээр цэргийн дүрэмт хувцас өмссөн тухайгаа "БСШУЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа 1998 онд батлагдсан Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн үүрэгтний сургалтанд сууж, улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн үед салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа, би" гэх тайлбарыг өөрийн инстаграм хуудсандаа бичиж байв.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, өөрийгөө бэлтгэл хурандаа хэмээн нэрийддэг. Ямартаа ч түүний хувьд цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр өмссөн гэсэн тайлбартай ч буу зэвсэгээ ил гаргаж явсан.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-н шинэхэн гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар мөн л цэргийн дүрэмт хувцсаар гангарч байсан удаатай. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын дарга Г.Занданшатар, шадар сайд асан Я.Содбаатар нар ч цэргийн дүрэмт хувцастай олны өмнө гарч байжээ.