“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд хоёр улсын нүүрсний худалдааны төлөв, чиг хандлага болон тулгарч байгаа бэрхшээл, асуудлын талаарх мэдээлэл солилцох хурлыг (2021.01.28) онлайнаар зохион байгуулав.
2021 онд БНХАУ улсад цар тахлын нөлөө буурч эдийн засаг өсөх дүр зурагтай байна. “Today think thank”-ийн мэдээлснээр, энэ онд тус улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. 2020 оны дүнгээр 72.57 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2019 оныхоос 2.7%-иар буурчээ. Үнийн хувьд 2021 онд тонн коксжих нүүрс 1400-1600 юань буюу өндөр түвшинд байх ба жилийн хоёрдугаар хагаст эрэлтээ дагаад үнэ өсөх хандлагатай байна. Харин эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 300 сая тоннд хадгалах бололтой. БНХАУ нь нүүрсний нөөц ихтэй бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодоосоо хангадаг. 2020 онд тус улсын түүхий нүүрсний олборлолт 3.84 тэрбум тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 0.9% -иар өсчээ. Тэр дундаа коксжих нүүрс 1.152 тэрбум тонн буюу өмнөх оны мөн үеэс 3.13%, эрчим хүчний нүүрс 3.152 тэрбум тонн буюу 2.5%-иар тус тус нэмэгдсэн байна.
2020 оны эхний 11 сарын үзүүлэлтээр, БНХАУ 69.16 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Улс орнуудаар авч үзвэл Монгол Улс, Австрали, ОХУ, Канад, АНУ-аас голлон нийлүүлж байна. Хамгийн том нийлүүлэгч улс Австралиас авах коксжих нүүрсний БНАХАУ-ын импорт мэдэгдэхүйц буурсан нь хоёр улсын худалдааны маргаанаас үүдэн Хятадын талаас импортын хориг тавьсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын дундаас Австралийн коксжих нүүрсэнд импортын хориг тогтоохдоо Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос дотоодын 10 компанид Монгол, Индонез, Орос улсаас ямар нэг хатуу хязгаарлалтгүйгээр нүүрс импортлох эрх өгсөн юм. Хориг тогтоосноос хойш арваннэгдүгээр сард Австралиас 247 мянган тонн коксжих нүүрс, арванхоёрдугаар сард огт импортлоогүй байна. Гэсэн хэдий ч 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд БНХАУ-ын зах зээлд нийлүүлсэн Австралийн коксжих нүүрс 35.48 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 14.76% -иар өсчээ. Энэхүү үзүүлэлтээр Хятадын коксжих нүүрсний нийт импортын 51.3%-ийг Австрали эзэлсэн байна. Австралийн нүүрсний хязгаарлалт 2021 оны эхний улирал хүртэл үргэлжилнэ гэсэн таамгийг “Today think thank” дэвшүүлжээ. Харин 2020 онд ОХУ-ын БНХАУ руу нийлүүлэх коксжих нүүрсний худалдаа бага зэрэг өссөн аж. Тухайлбал, оны эхний 11 сард ОХУ-аас 5.54 сая тонн коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 1.95% -иар өсч БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 8.02% -ийг бүрдүүлжээ.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол Улсын хувьд коксжих нүүрсний экспорт 2020 онд мэдэгдэхүйц буурсан. Учир нь БНХАУ-ын боомтод урьдчилан сэргийлэх хяналтыг чангатгасантай холбоотойгоор тээвэрлэлт удааширсан юм. Тухайн оны эхний 11 сарын үзүүлэлтээр Монголоос 22.21 сая тонн коксжих нүүрс БНХАУ-аас импортолсон нь 2019 оны мөн үеэс 9.69 сая тонноор буюу 30.98%-иар буурсан байна. Ингэснээр тус улсын коксжих нүүрсний нийт импортын 32.12% -ийг эзэлжээ. Монголын Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Цагаандэл уул болон Булган гэсэн боомтуудаар коксжих нүүрс Хятад импортолж байна. Өнгөрсөн оны байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор БНХАУ-ын 80 гаруй худалдаа эрхлэгчид Монголын коксжих нүүрсийг импортолжээ. Тэдгээрээс “Chinalco”, “Wanli”, “Zituo”, “Yiteng” болон “Fangcheng” гэсэн компаниуд импортын хэмжээгээр тэргүүлсэн байна.
Тэгвэл 2021 онд Монгол Улсаас 33-37 сая тонн коксжих нүүрс импортлох таамаг тооцоог “Today think thank”-ийн шинжээч илтгэлдээ дурдав. Гэхдээ БНХАУ-ын зах зээл дээр Монголын коксжих нүүрсний эрэлт цаашдаа ч өндөр байна гэдгийг тэмдэглэж, үүнд дэд бүтэц, тэр дундаа боомтын нэвтрүүлэх хүчин чадал болон төмөр замын тээвэр хөгжүүлэлтээс хамаарч байгааг онцоллоо. Эрчим хүчний нүүрсний тухайд, Монголын борлуулалтын үнэ коксжих нүүрсний үнээс хамаагүй доогуур байгаа ч тээврийн зардал үндсэндээ коксжих нүүрснийхтэй ижил, боомт хүрэх өртөг өндөр байна. Монголын эрчим хүчний нүүрсний экспортын өртөг зардалтай харьцуулахад Өвөр Монголын дотоодын эрчим хүчний нүүрснийх өрсөлдөх чадвартай байгаа юм. Тиймээс төмөр замыг барьж дуусаагүй тохиолдолд Монголын эрчим хүчний нүүрс БНХАУ-ын зах зээлд үндсэндээ нэмэгдэх төлөвгүйг шинжээч хэлж байна.
“Монгол-Хятадын нүүрсний худалдаа 2021” онлайн хуралд Монголын талаас УУХҮЯ, АМГТГ-ын төлөөлөөс гадна "Эрдэнэс-Тавантолгой" ХК, "Тавантолгой", "Энержи Ресурс", “Терра энержи”, МАК, “Өсөх зоос”, “Хүрэнтолгой коал майнинг”, “Саусгоби сэндс”, “Жавхлант орд”, “Хүннү ресурс”, “МоЭнКо”, “Аспайр майнинг”, “Сутаймайнинг сервис”, “Си Ай Жи”, “Эрдэнэс алт Монгол” зэрэг компаниуд, Хятадын талаас Ганцмод, Сэхэ, Мандал боомтын засаг захиргаа, Бугатын гангийн үйлдвэр, нүүрсний 10 гаруй компани, тээвэр ложистикийн компани, Монгол- Хятадын нүүрсний ассоциацийн гишүүн байгууллагуудын төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн оролцсон юм.
“Монгол нүүрс” ассоциацаас ирэх хоёрдугаар сард “Монгол-Энэтхэгийн нүүрсний худалдаа 2021” хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.