Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook: Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан Ц.Оюунгэрэлийн фото түүх

Ангилал
Facelook
Огноо
Унших
11 минут 41 секунд
Олны танил хүмүүсийн амьдралыг ховор нандин зургуудаар нь өгүүлэх "Facelook" булангийн анхны дугаартай танилцана уу. 

UBN.MN сайтын редакц "Facelook"-ийн анхны дугаарт Соёл, Спорт Аялал Жуулчлалын Яамны сайд асан, "Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь”, “Америкт суралцсан тэмдэглэл” ,“Миний ажлын ноу-хау” зэрэг номын зохиолч, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн, “Жорлонгоо өөрчилье”, “Утааг арилгая” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч Ц.Оюунгэрэлийг онцоллоо. Тэрээр өөрийн амьдралаа өөрөө гэрэлтүүлж чаджээ. Өдгөө Батаарыг аварсан баатар маань бидний уух ус, амьсгалах агаарыг хамгаалах ажилдаа шамджээ. Жорлонг өөрчилж, утааг арилгаж, гал тогоог аврах ажиллагаа үргэлжилсээр...

#ToiletWoman  #Батаар  #Стэнфорд  #Хөвсгөл  #Ном  #ЭксСайд 

1.Тариалангийн Гэрэл гэгээ: Ц.Оюунгэрэлийг төрөхөд нутгийнхан ихэд билэгшээж “гэрэл” гэдэг үг орсон нэрнүүдийг шигшиж сугалахад ээжийнх нь хийсэн энэ нэр гарч иржээ. 1966 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Хөвсгөл аймгийн Тариалан суманд Цэдэвдамбын гурав дахь хүүхэд Оюунгэрэл мэндэлсэн юм. Ээждээ тэврүүлсэн энэ бяцхан охиныг төрсөн шөнө Тариалан суманд анх гэрэл асаж 24 цагийн цахилгаантай болсон байна. Түүний фото түүхийг сурвалжлахад нэрний билэгдэл нь биелсэн мэт сэтгэгдэл төрөв.

 

2. Багын хоч: “Тариалангийн хөл нүцгэн”. Ц.Оюунгэрэл зун, намрын ажилд дандаа хөл нүцгэн явдаг байв. Өвс хараад гуталтай явахад хэцүү санагддаг түүнд ангийнхан нь ийм хоч өгчээ. Даанч хөл нүцгэн зураг нь олдсонгүй. Үсэрч харайх, дээс тоглох дуртай охин 1-р ангид ороод уншиж бичиж сурсан нь өөртөө итгэлтэй хүн болоход их нөлөөлжээ.

 

3. Түүний бага насны баатар Мандухай Сэцэн хатан байлаа. Кинонд тогловол түүний дүрд тоглохыг хүсдэг байсан ч урьтаад Ардын жүжигчин Н.Сувд гуай тоглочихсон гэдэг. Өсвөр насных нь хамгийн хөгжилтэй дурсамж дурлалтай холбоотой гэдэг утгаараа намрын ажилд гарах байв. Яг л “Мартагдашгүй намар” шиг. Тариалан дээр захиа ч авч байсан удаатай гэж байгаа.

 

4. Гавал охин: Мөрөн хотын 1-р арван жилийн математикийн аваргууд улсын олимпиадад явахад бэлэн. Урд эгнээний зүүн талд гавал Оюунгэрэл, баруун захад НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан асан, талийгч Б.Баярмаа. Харин хойд эгнээний зүүн талд УИХ гишүүн Ц.Даваасүрэн байгааг таньж байна уу?

 

5. Хувиараа булаалгасан хоёр: Арван жилээ алтан медалтай дүүргэсэн Оюунаа конкурсээр 1-р байранд жагсаж ЗХУ-д банк санхүүгийн хуваарь сонгосон ч даргын хүүхэд хуваарийг нь авснаар Свердловск хотын АУУУДС-ын Төлөвлөгч эдийн засагчийн ангид элсчээ. Түүний ээж МАХН-ын үзэл суртлын хэлтсийн эрхлэгч байсан нь мэргэжил сонгоход ийнхүү нөлөөлж, эгчийнхээ туулсныг давтсан нь энэ юм. Хувиараа булаалгасан хоёр Москва хотод. Том эгч Ц.Оюунчимэгийн хамт.

 

6.Сайхан насан дэрээ цацарч ассан Гэрэл: Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ. Цэл залуухан оюутан Оюунаагийн энэ зургийг харсан хэн ч болов “ай, залуу нас аа” гэж шүүрс алдах биз.

 

7. Төрсөн дүү, алдарт жиргээч, инженер Ц.Батын хамт. Мэдэхгүй хүн ямар сайхан хосууд вэ гэж уулга алдахаар байгаа биз?

 

8. Терминатор: 1980-аад он, ЗХУ-ын оюутнууд эрх чөлөөний мөрөөсөл болсон байв. Алтан Москвад айлын грашинд нууцаар үзсэн анхны америк кино нь “Терминатор” байв. Оюунгэрэлд машин хүнийг хөөж байгаа нь улс төрийн том систем хувь хүнийг хөөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлжээ. Тухайн үеийн алдартнууд болох Арнольд Шварценеггер (Терминатор), Сильвестр Сталлоне (Кобра), Майкл Жексон нарын плакатаар өрөөгөө чимжээ.

9. Улаан талбайг чимсэн сайхан бүсгүйчүүд. Хальт харахад загвар өмсөгчөөс дутахааргүй гуалиг биетэй Ц.Оюунгэрэл “Хөөрхөн хүүхэн” киноны од Жулиа Робертсыг санагдуулна. Бага эгч Ц.Оюунцэцэгийн хамт.

10. Ээжийгээ “донгодуулсан” Идэрээ. Оюунгэрэл 20 гаруй насандаа толины өмнөөс салдаггүй байж. Ямар сайндаа л цэцэрлэгийн багш нь “Танай ээж чинь юу хийдэг вэ” гэж асуухад хүүхдүүд гал тогооны өрөөндөө өнждөг, юмаа угаадаг гээд л хариулж. Харин түүний хүү “Ээж толинд л хараад зогсч байдаг шүү дээ” гэжээ. Орой нь хүүгээ авах гээд очтол багш нь “Танай хүү тэгж хэлж байна билээ. Цаашид анхаараарай” гэсэн гэдэг. Ээжийгээ “донгодуулсан” тэр хүү бол комедиан Б.Идэр-Од.

 

11. Москвагийн оюутнуудын ганц хэцүү ажил вагоноос юм авах, вагоноор юм явуулах байв. Санал нийлнэ биз дээ?

 

12. Хүч өгдөг зураг: Комьпютер дээрээ эрх чөлөөний хөшөөний зургийг залсан ажилсаг бүсгүйн толгойд Америк явах төлөвлөгөө бий. Ингэж хүсч чадвал биелдэг хорвоо. “Миний бие Зөвлөлт Холбоот Улсын нэгэн сэтгүүлээс Америкийн амины байшингуудын зургийг олж аваад сейфэн дээрээ наасан билээ” Америкт суралцсан тэмдэглэл номоос...

 

13. Хүний эрхийн идэвхитэн: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржийг гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж байв. Ц.Нямдорж шүүхэд гомдол гаргаж, Л.Гүндалайг 2003 оны 7 сард Сөүл рүү нисэх гэж байхад нь баривчилж дуулиан дэгдэж байв. Гол дүрийн цаана хүний эрхийг хамгаалагч Ц.Оюунгэрэл.

 

14. Завгүй ээж: ... Ширээн дээр талхны үртэс байж л байдаг хэн ч бухимдахгүй, эцэг эхийн хурал болж л байдаг угаасаа багш нь гэрээс хүн ирж суухгүйг мэддэг...гэж Б.Идэр-Одын комедид гардаг. Улс эх орны амин чухал хэрэгт санаа тавьдаг завгүй ээж одоо сайн эмээ болжээ. Хүү Б.Идэр-Од, охин О.Одмаагийн хамт.

 

15. Гуравхан сарын курсээр англи хэлийг маш сайн сурч чадсан нь Норман Наймарк хэмээх профессорын сэтгэлийг хөдөлгөж, Стэнфордод элсэх ярилцлагын шатыг амжилттай давжээ. Америкт суралцахаар ирчихээд орчинтойгоо танилцаж, аар саар бэлтгэлээ базааж буй Ц.Оюунгэрэл. Стэнфордод элссэн хүн чинь ингэж инээмсэглэхээс яахав.

 

16. 2004 он, Стэнфордын Их Сургуулийн Олон улсын бодлого судлалын магистр Ц.Оюунгэрэл сургуулийнхаа захирлын хамт. Хэдэн жилийн өмнө сефэн дээр наасан зургуудыг бодит түүх болсон энэ билээ.

 

17. Түүнийг хамгийн их өөрчилсөн Стэнфорд: Ц.Оюунгэрэлийн тодорхойлолтод тэрээр дунд сургуулиа алтан медальтай, их сургуулиа улаан дипломтой төгссөн онц сурлагатан билээ. Гэтэл Стэнфордод оюутан болоод онц сурлагатан гэж хэнсэн билээ гэж боджээ. Өөрийгөө номон дээр бичсэн зүйлийг чээжлэхдээ сайн, өөрийн бодлоор тунгааж дүгнэлт хийхдээ тааруу гэдгээ ойлгосон нь оюун санаанд нь маш их өөрчлөлтийг авчирав. Стэнфордын төгсөгч эх орныхоо далбаа, гэр бүлийн хамт.

 

18. Хурим: Өмнө нь тусдаа амьдрал зохиож үзсэн, хагацал зовлон мэдэрсэн тэд эхлээд жирийн найзууд байв. Тэднийг холбосон зүйл нь хоёулаа хүний эрхийн идэвхтнүүд байв. Ц.Оюунгэрэл “Надад эх орондоо хийх ажил их бий. Америкт миний хэрэг байхгүй” гэж Жеффри Л.Фолтдоо учирласнаар тэд Монголд амьдрах шийдвэр гаргажээ. 2004 он.

 

19. Хөвсгөл аймгийн Баянзүрх сум 2008 он. Түүний лекцийг сонсохоор хамгийн эрт ирсэн хүмүүсийн хамт. Хөдөөний хүмүүст хотоос хүн ирэх шиг сайхан зүйл хаа байх вэ?

 

20. Шилдэг татвар төлөгч: “Ногоон нүдэн лам” номын зохиогчид нээлтэн дээр анхны худалдан авагч н.Алтантуяагийн хамт. Арван жилийн турш бичсэн ном зохиогчиддоо “Шилдэг татвар төлөгч” болтол нь ашгаа өгчээ. Дашрамд хэлэхэд “Ногоон нүдэн лам” удахгүй франц хэлээр хэвлэгдэнэ. 

 

21. Жишиг сайд: Хүмүүс сайд болоод машинтай болдог бол Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайдад эсрэгээрээ болжээ. Номын орлого буурснаас үүдэн машингүй болсон үедээ анх ХОМ бөглөж байв, 2012 он.

 

22. “Батаар”-ыг аварсан баатар: Нью-Йоркт дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тринозавр Батаар болон өөр 3 төрлийн 6 үлэг гүрвэлийн олдворыг шүүхдэж авчрав. Ц.Оюунгэрэлийн зоригтой, шуурхай зангийн сайнаар бид түүхийн нэгэн гайхамшигт өвтэйгөө танилцсан билээ.

 

23. “Батаар”-ын дараа 22 үлэг гүрвэлийг галт тэрэгнээс тосч буй үе. Жефф түүний охин Гвен, Жеффийн зээ Таяа нар.

 

24. Эр хүнийг эхнэрийнх нь инээмсэглэлээр шинж гэдэг. Улаан шүхэр барьсан түүний жаргалтай инээмсэглэл бүгдийг өгүүлэх шиг ...

 

25. Toilet Womаn: УИХ-ын гишүүн байхдаа хуулинд оруулсан ч цаасан дээр л “хэрэгжсэн” жорлонгийн тухай асуудлаа үүрэгт хугацаа дууссаны дараа бодитоор хэрэгжүүлсэн түүнд одоо булах 599,800 нүхэн жорлон бий. Өөрчлөлтийг бий болгоход “суудал” хэрэггүй.  Сэтгэл, мэдлэг хоёр байхад суултууран дээр  ч суугаад өөрчлөлтийг хийж болно гэдгийг харуулав. Мэдээж “Жорлонгоо өөрчилье”.

 

26. Загвар өмсөгчийн шаанс байсан ч татгалзсан: 1988 оны шинэ жилээр  загвар зохион бүтээгч Соёлмаагийн урласан урт даашинзуудыг үзүүлж тайзан дээр алхжээ. “Тэр ажлыг долоохон хоног хийхдээ зарим хүнээс илүү нарийхан, илүү өндөр, арай тэгш биетэй төрснийхөө төлөө эмэгтэй хүн юу юу гэж хэлүүлдгийн дөнгөж зах зухыг амссан” хэмээн “Миний ажлын ноу-хау” номондоо өгүүлсэн байдаг. 50 настай моделийг хараад загварын ертөнцөд ч карьертай л байж гэж бодогдов.

Л.Дэлгэрмаа

Үнэ цэнэтэй мэдээлэл юу байна: www.ubn.mn

 

Коронавирус: Япон улс 3700 зорчигчтой хөлөг онгоцыг хоёр долоо хоног тусгаарлалаа
Коронавирус: Япон улс 3700 зорчигчтой хөлөг онгоцыг хоёр долоо хоног тусгаарлалаа
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.