Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахаар нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар салбар амбулаторид байгуулсан молекул биологийн лабораторийн бэлтгэл ажилтай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр танилцлаа. Тэрбээр тоног төхөөрөмжийн хангалт болон үйл ажиллагааны зохицуулалт, ажиллах боловсон хүчний нөөц, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг авч, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр болов.
Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулах юм. “COVID-19” халдварыг тандах, илрүүлснээр шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.
Мөн коронавируст халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учраас энэхүү лаборатори нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байгуулж буй тус лабораторийг цаашид Налайх, Багануур дүүрэгт байгуулахаар төлөвлөжээ.