
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг ажиллаж байгааг дурдаад Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээрийг ахалж байгааг салбарын сайд яриандаа дурдлаа.
Тэрбээр "Хэлэлцээр маш эрчимтэй явагдаж байна. Бид бичгээр байнгын харилцаатай байгаа учир саналуудаа удаа дараа тавьж байна. Хэлэлцээр бодит үр дүнтэй явж байна. Нэгт, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг бид тайлсан. Хоёрт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч чадсан. Гуравт, олон улсын жишигт нийцсэн үр дүнгээр зээлийн хүүг ч менежментийн төлбөрийг ч хүргэнэ гэсэн ийм шийдлүүд явагдаж байгаа.
Энэ сарын 12-нд Рио Тинто-гийн хэлэлцээрийн баг Монгол Улсад ирнэ. Үргэлжлүүлэн хоёр ажлын хэсэг хэлэлцээрээ хийнэ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн багийн бүтцийн хувьд ЗГХЭГ-ын даргаар нэгдэж зангидах шийдлийг хийж ажиллана. Гурван дэд ажлын хэсэг болон ерөнхий том ажлын хэсэг ойрын хуралдаж энэ сарын 12-нд хийх хэлэлцээрээр үр дүнгээ гаргахын төлөө ажиллана. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэлэлцээрийн үйл ажиллагаа тасалдсан удаагүй бөгөөд бичгээр болон биечлэн, цахимаар зэрэг эрчимтэй үргэлжилж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!