Өчигдөр \2021.01.05\ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг хэлэлцэх явцад АН-ын бүлэг 2 ч удаа завсарлага авсан. Хуулийг баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ихээхэн хамааралтай байгаа шүүхийн томилгоо өөрчлөгдөж бие даасан байдал сайжирна гэж хуульчид тайлбарлаж байгаа. Харин АН-ын хувьд шүүхийн шинэчлэлийг явуулах сонирхол байхгүй байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх мэдлийг хамгаалах гэсэн алхам гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Нөгөө талдаа “шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд амь тэмцэн лобби хийж байна, хууль батлагдах юм бол шүүгч нар даргаас хамааралтай байдлаас сална. Тэгэхээр одоогийн зөвлөлийн гишүүдийн эрх мэдэл багасна.Тийм болохоор эрх мэдлээ авч үлдэхийн төлөө амь тэмцэж байна” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн. Тэгвэл улс төр, ашиг сонирхолын саад байгаа ч шүүхийн шинэчлэлийн асуудал урагшилж эхэллээ. Өчигдөр УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хурлаар уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гишүүдийн олонхи нь ажлын хэсгийн гаргаж ирсэн саналыг дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
Шүүхийн шинэчлэлийн хууль батлагдаж чадвал
- Шүүгчийн сахилга хороо байгуулагдана
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-г УИХ нээлттэй сонсгол хийж нэр дэвшүүлсний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Монгол Улсын Ерөнхийлөгч уг томилгоог 14 хоногийн дотор батламжлах үүрэгтэй. Үлдсэн 5 гишүүнийг нийт шүүгчдийн чуулганаас томилно. Ингэснээр шүүхийн ерөнхий зөвлөл хараат бусаар ажиллах боломжтой болно.
- Шүүгчид улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай уулзах бол ямар асуудлаар уулзаж байгаа тухайгаа тодорхой тэмдэглэл хөтөлж бүртгэнэ. Тэмдэглэл хөтлөөгүй бол сахилгын хариуцлага тооцох үндэслэл болно.
- Шүүгчид албан гүйцэтгэхэд нь нөлөөлөх гэж оролдсон бол энэ тухай нөлөөллийн мэдүүлэг бөглөж ямар тушаалтан хэрхэн нөлөөлөх гэж оролдсоныг мэдэгдэх үүрэгтэй.
- Шүүхийн төсвийг УИХ-ын хууль зүйн байнгын хороонд өргөн мэдүүлж өмнөх жилийнхээс буулгахгүйгээр батална.
- Шүүгч эхийн одон, улсаас тогтоосон тэтгэвэр, тэтгэмжээс өөр төрийн урамшуулал, шагнал авахгүй.
Зэрэг суурь шинэчлэлүүд хийгдэх юм. Ямартай ч шүүхийн шинэчлэлийн хууль эхний даваагаа амжилттай давлаа. Цаашид ямар нэг нөлөөлөл лоббид автахгүй дараагийн даваагаа давах эсэхийг харах үлдлээ.