Хэнтий аймгийн Батноров сумын IV багийн нутаг, Тоонотын жалга гэх газарт бэлчиж байсан гурван үхрийг буудаж, хулгайлсан хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийнхэн илрүүлэн шалгаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх газрын ойролцоо өвөлжиж байсан хоёр айлын гурван бодыг 2020 оны арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө бэлчээрт нь буудан автомашиндаа ачиж авч явсан хэргийг тус сумын харьяат Ц, Т нар үйлджээ.
Ингэхдээ малчдын хэнэггүй, хайнга байдлыг овжин ашигласан гэдгийг орон нутгийн иргэд нь мэдээлсэн юм. Тодруулбал, малчид үдэш малаа хотлуулахдаа богоо гэрийнхээ гадна хашиж, бодоо гэрээсээ зайтай газарт хураагаад үлдээчихдэг. Дээрх хоёр хүн яг ийм үеийг ашиглан мал хулгайлаад “Succeed” маркийн автомашиндаа ачиж, төв, суурин газарт махыг нь борлуулахаар авч явсан байна.
Хэнтий аймгийн Цагдаагийн газрынхнаас энэ талаар тодруулахад “Бэлчээрт мал буудаж хулгайлсан үйлдэлд холбогдуулж хоёр хүнийг саатуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь үнэн. Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Хэрэгт холбогдогчдын нэг Ц өмнө нь мал хулгайлсан хэрэгт ял шийтгүүлж байсан гэнэ. Тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТоЗ-8” маркийн буу болон тээврийн хэрэгслийг нь битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаагаа Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд үргэлжлүүлж байна.