Өнгөрсөн сард гэрт нь гал гарч, тав, зургаа насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэдний аав нь АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн мужаанаар ажилладаг бол ээж нь тус эмнэлгийн эрчимт эмчилгээний сувилагчийн ажил хийдэг.
Тэгвэл тэд байртай болжээ. Хоёр хүүхдээ алдсан гарз хохирлыг нь юугаар ч нөхөх аргагүй ч уй гашууг нь олон хүн ийнхүү хуваалцсан байна.
Энэ талаар АШУҮИС-ийн Япон Монголын эмнэлэгийн фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна. "АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн мужаан М.Батпүрэв, эрчимт эмчилгээний сувилагч Э.Сарантуяа нар нь гэр бүлээрээ АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт ажилладаг бөгөөд 2020 оны 12-р сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд тэднийг ажил дээрээ ажлаа хийж байх үеэр гэр нь гал түймэрт өртөн, хоёр хүүхэд нь нас барж хүнд гарз тохиосон. Тиймээс гэр бүлийн хоёрт чин сэтгэлийн дэм болох үүднээс АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгээс 10.800.000 төгрөг, нийт ажилчид нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлж 20.693.000 төгрөг, нийт 31.493.000 төгрөг дэмжлэг үзүүлсэн байна. Мөн АШУҮИС-ийн профессор, багш, ажилтан албан хаагчид, Эрүүл мэндийн салбарын төлөөллүүд, Монголын сувилахуйн нийгэмлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, сургууль, цэцэрлэгүүд, төрийн бус байгууллага болон бусад сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн илэрхийлэл болсон хандив тусламжийг нэгтгэн залуу гэр бүлд 60 мк2 саруулхан, цэвэрхэн, гал тогоо тусдаа 2 өрөө байрны түлхүүрийг 2020 оны 12-р сарын 28-ны билэгт сайн өдөр Р.Отгонбаяр захиралтай Монгол Японы эмнэлгийн хамт олны төлөөлөл гардуулан өглөө" гэжээ.