-УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй шинэ Засгийн газар болон УИХ-ын дарга нам бус байх хуулийн төсөл зэрэг улс төрд өрнөж буй зарим үйл явцын талаар ярилцлаа-
-Парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Гэтэл гурав дахь Засгийн газраа саяхан байгуулагдаж ажилдаа ороод байна. Шинээр байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Шинээр бүрдээд буй Засгийн газрыг, нөөц боломжоо ашиглаад тун боломжийн Засгийн газар байгуулчихлаа гэж харж байна. Голоод байх зүйл алга. Харин хэрхэн ажиллах нь тэдгээр сайд нарын чадвар, мэдлэг, дадлага туршлага, ажилдаа хандаж байгаа хандлагаас л шалтгаална. Энэ утгаараа аль нэг сайд нь гологдоод байгаа зүйл алга. Чадалтай Засгийн газар бүрдсэн гэж бодож байна. Улс төрийн зарим нөхцөл байдлаас шалтгаалж Засгийн газрыг янз янзаар хөдөлгөхөд хүргэдэг тал бий. Гэхдээ боломжийн Засгийн газар байгуулагдсан тул одоо ард түмний өмнө ажлаа хийх байх гэж найдаж байна.
-Та тун боломжийн ЗГ бүрдсэн гэлээ. Засгийн газар байгуулагдах үед Ардын намын бүлэг дотор л гэхэд 30, 38-ын талцал бий болсон. Үүнтэй холбоотойгоор аль аль талыг нь "гомдоохгүй" байх эрх ашгийн үүднээс сайд нараа томиллоо гэх дүгнэлтийг хийх хүмүүс их байна. Энэ утгаараа магадгүй энэ Засгийн газар тогтвортой байх болов уу гэсэн эргэлзээ олон нийтэд байна?
-Надад тийм эргэлзээ алга. Ер нь парламентад байгаа хүчний харьцааны тэнцвэрт байдлыг хангах тал дээр ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг авч үзэх нь байдаг асуудал. Яагаад гэвэл тэнд улс төрийн нөхцөл байдал, тавьж байгаа шаардлага байна. Тэр бүрийг хангаж ажиллахад ЗГ-ын бүтцийг анхаарах нь зүйтэй. Дотоодынхоо жижиг зөрчлөөс үүдэж сайд тавиад байна гэж харахгүй байна. Түүнийг дотоодын эв нэгдлийн үүднээс тал талын чадвартай хүмүүсийг тавих нь чухал болохоос хэний гар хөл гэж яриад байх нь онц зүйл биш. Ач холбогдол багатай зүйл шүү дээ.
-Дэлхийн нийгэм, эдийн засгийн эрсдэлтэй хүнд үед ЗГ ажлаа эхлүүлж байна. Тиймээс энэ Засгийн газар ажлаа юунаас эхлэх шаардлагатай гэж та харж байна вэ?
-Тийм ээ. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг Засгийн газрын тэргүүн болоод сайд нар нь ч өөрсдөө ярьж байна лээ. Бодлогын хүрээнд ярья гэвэл нэлээн олон асуудлууд бий. Би энэ Засгийн газрыг зөв чиглэлээсээ ажиллаж эхэлсэн юм болов уу гэж харсан. Яагаав гэвэл төрийн хүнд суртлыг арилгах, цэгцлэх чиглэлд бараг анхны хуралдаанаасаа эхлүүлээд арга хэмжээ авлаа. Жишээлбэл, хэт олон давхардсан, зохисгүй хяналт шалгалтуудыг зогсоохоо мэдэгдэж байгаа нь зөв. Энэ бол маш том дэвшил. Хэн дуртай нь дуртай цагтаа очиж ААНБ-д шалгалт хийдэг байдлыг хааж байх шиг байна. Гэхдээ төлөвлөгөөт хяналт шалгалтууд байх ёстой. Мөн түүнчлэн төрийн хүнд суртлыг бууруулахад чиглэсэн хамгийн том ажил бол бичиг цаас, тайлан мэдээ гэж асар их цаас боловсруулдаг явдлыг зогсоож байгаа нь зүйтэй. Төрийн хүнд суртлыг бууруулж буй нь эргээд төр эргэсэн авлига, хээл хахуулыг бууруулахад нөлөө үзүүлнэ. Засгийн газрын явуулж байгаа бодлогын арга хэмжээнүүд нь эдийн засгийн томоохон нөлөөг үзүүлнэ гэж бодож байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн хөөсрөлтийг гол болгох бус бодит, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж байгуулах нь чухал. Жишээлбэл, төмөрлөгийн үйлдвэрийг барья гэж олон жил ярьж байна. Үүнийг барихаар ярьж байгаа нь маш том дэвшил. Монгол Улс төмөрлөгийн томоохон үйлдвэртэй болж чадвал түүнийг дагасан ажлын байр ч бий болно.
-Албан тушаалаас үүдсэн маргаан байсаар ирсэн. Цаашид ч байх тул зохицуулаад л явна. МАН эв нэгдлээ алдаагүй-

-Ер нь шинээр сонгогдон ажилдаа ороод буй Н.Учралыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаад явахад хэр тохиромжтой хүн гэж та харж байгаа вэ?
-Бэлтгэгдсэн боловсон хүчин шүү дээ. Өмнөх ЗГ-уудад ажиллаж байсан. Шадар сайд, УИХ-ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдсон. Мөн залуу гишүүн гэдэг утгаараа залуу хүний эрч хүч, оюуны чадамж бий гэж хардаг. Хийж байгаа ажлууд нь хурдтай, шуурхай байдлыг дагуулна. Тодорхой зорилтууд хүмүүсийг нэгтгэдэг. Зорилтыг маш тодорхой болговол хүмүүс түүнийг нь биелүүлэхийн төлөө ажилладаг. Эв нэгдлийг хангах хэд хэдэн зарчим бий. Нэг нь энэ. Зорилт тодорхой байвал хүмүүсийг дагуулж болно. Хийх ажил нь тодорхой байвал түүнд эрэмшинэ, илүү нягтарна. Хоёрдугаарт, шударга байх хэрэгтэй. Шударга ёсыг гажуудуулбал эв нэгдэл хиймэл болдог. Бид хиймэл эв нэгдлийн жишээ олныг мэднэ. Тиймээс одоогийн нөхцөлд шударга ажиллавал ЗГ-ын гишүүд ч нэгдэнэ. Ард түмэн ч нэгдэнэ. Олон нийтийг дагуулж ажиллах бас нэг чухал зүйл бол хяналтын эрх зүй, дэг журам, зарчим тогтоох явдал. Манайд энэ байдал дутагдалтай байгаа. Сүүлд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ёс зүйн өндөр шаардлагуудыг тавиад эхэлж байна. Тэгэхээр энэ мэтийн зарчмын өндөр шаардлагуудыг тавиад ажиллавал хүн дагана. Ер нь олон нийтийг дагуулах, нягтруулах гэдэг төрийн удирдлагын тодорхой онол байна. Энэ онолын дагуу манай Ерөнхий сайд ажиллах чадвартай. Практикын хувьд дадлага, туршлагатай гишүүд ЗГ-ын бүрэлдэхүүнд зөндөө орсон шүү дээ.
-Засгийн газраа тогтвортой ажиллуулах шаардлага байна шүү дээ. Үндсэндээ хоёр хүрэхгүй жилийн дараа ард түмэн дүнгээ тавих гэж байна?
-Зүйтэй. Ард түмэн ч гэсэн Засгийн газраа тогтвортой ажиллуулъя гэж байна. Эдийн засагт хүнс, шатахуун зэргээр эрсдэл үүсэж мэдэхээр байна. Харин үүнийг хангаж ажиллах явдал бол манай Ерөнхий сайдын ур ухаан, шийдэх асуудал. Үүнийг сайн шийдэж чадах болов уу гэж бодож байна.
-Ардын намын тухайд өнгөрсөн жилээс хойш эв нэгдэл, дотоод зөрчлийн асуудал хурцдаж байна. Та үйл явцыг хөндлөнгөөс хараад юу гэж дүгнэж байгаа вэ?
-Эв нэгдлээ алдсан гэж би харахгүй байна. Манай намынхан бүхэлдээ цул хэвээр л байна. Энэ бол УИХ, ЗГ-д ажиллаж байгаа намаас илгээгдсэн боловсон хүчнүүдийн тухайд хоорондын зөрчил. Үүнийг нам дотроо бүхэлдээ зөрчилдөж байна гэж харах нь өрөөсгөл. Энэ бол байдаг л зүйл. Яах вэ, албан тушаалын асуудлаас шалтгаалж байгаа маргаанууд байсаар ч ирсэн. Цаашид ч байна. Түүнийг нь зохицуулаад л явдаг. Бид олон удаа Засгийн газраа байгуулж байсан.
-УИХ-ын дарга нам бус байх боломжгүй-

-Хаврын чуулган эхэлсэн энэ өдрүүдэд хоёр хуулийн төсөл олон нийтийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс өнгөрсөн намраас хойш аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэх асуудлыг дэвшүүлж, улмаар хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөлд "УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх" заалтыг оруулаад байна. УИХ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд харахад, спикер нам бус байх харилцаа байх боломжтой юу?
-УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэдэг зүйлийг үгүйсгэхгүй. Хүлээж ч авсан шүү дээ. Харин УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь боломжгүй. УИХ гэдэг чинь улс төрийн мэтгэлцээний талбар. УИХ-ын бодлогын шийдлийг гаргадаг газар. Тэнд улс төрийн асар их хэл ам, шуугиан өрнөж байдаг. Намын дарга нар ч энэ дунд байгаа. Тэгэхээр парламентын дарга нам бус байна гэдэг нь манай орны хувьд хэтийдсэн, худлаа зүйл. Олон улсын түвшинд цөөн оронд ийм зүйл бий. Түүгээр ч барахгүй зарим туйлширсан парламентууд дээр спикер нь парламентын гишүүн биш байх ёстой гэдэг зарчмыг ч барьдаг. Монголд бол өөр. Үндсэн хуулийн эрх хуваарилалтын зарчмаас аваад үзвэл улс төрийн намууд бол парламентын түшиг тулгуур нь. Ер нь улс төрийн хэрүүл парламент дотор л явагддаг болохоос ард түмний дунд байдаггүй. Тиймээс парламент дээр болж байгаа улс төрийн маргаан мэтгэлцээн бол дандаа намуудын бодлого. Тэгвэл УИХ-д сууж байгаа намын дарга нарыг "Та нар намаасаа түдгэлз" гэх юм уу. Тийм зүйл байхгүй ээ. Манай орны Үндсэн хууль болон парламентын засаглалтай бүгд найрамдах улс гээд тунхагласны хувьд парламентын дарга нь намын гишүүн байна. Байсаар ч байх болно. Тэр хуулийн төсөл батлагдахгүй байх.
-Тэгвэл Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд буй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг та юу гэж харж байгаа вэ?
-Зөв шаардлага гэж харж байгаа. УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм бий. Энэ дүрэм хууль эрх зүйн талаасаа олон улсын байдалтай зэрэгцүүлээд аваад үзвэл ёс зүйн код гэж хэлдэг. Энэ дүрмийг батлахдаа нөхцөл байдлаасаа болоод зарим зүйлийг орхигдуулсан зүйл бий. Ялангуяа парламентын гишүүдэд тавих ёс зүйн шаардлага орхигдож байсан. Түүнийг нөхөх цаг болсон. Манай одоогийн парламентын нэр хүнд, гишүүдийн зан харилцаа болон ёс суртахууны байдал, ёс зүйн соёлын хувьд анхаарах зүйл байна. Ийм учраас ёс зүйн зарим асуудлуудыг тодорхой асуудлуудаар тодотгож өгсөн хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гэж харж байгаа. Өргөсөн тангарагаа биелүүлэхгүй, анхаарч үзэхгүй байх нь буруу. Үүнд нь шаардлага тавьж "Та өргөсөн тангарагтаа биелүүл" гэдэг шаардлага тавих нь зүйтэй. Мөн чуулганы хуралдааны ирцийн асуудал байна. Би УИХ-ын чуулганаас гадна байнгын хорооны хуралдааны ирцийн асуудлыг нэмж болно гэж бодож байна. 30 хувь гэдэг бол өндөр шаардлага. Ерөнхийлөгч өндөр шаардлага тавьж байна. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд зөөлрүүлж болно. Үүнийг хуульчлах нь зүйтэй. Энэ хууль дээр одоогийн УИХ-ын гишүүд эмзэглээд байх зүйлгүй. Яагаад гэвэл асуудал байвал одооноос л анхаараад явчих хэрэгтэй. Одоогийн тавьж буй дэг жаягт нийцээд ажиллах боломж байгаа. Энэ хуулийг батлах байх гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!