Да.Ганболд: ЗГ-т хамтрахын тулд улс төрийн нам байдаг учраас боломжтой үе бүрд нь АН хамтрах ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
7 минут 16 секунд

Ардчилсан намын XVIII Их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Хурлын үеэр тус намын ахмад гишүүдийн нэг Да.Ганболдтой ярилцлаа.

-2027, 2028 онд дараалсан хоёр сонгууль та бүхнийг хүлээж байна. Танай нам яавал олон дараалсан ялагдлаа зогсооно гэж ахмад гишүүний зүгээс харж байна вэ?

-Ээлжит сонгуулиуд жам ёсоороо болох учраас холбогдох бэлтгэлүүдээ хангаад ялалт байгуулахын төлөө ажиллах нь улс төрийн амьдралын жам л даа. АН улс төрийн байр сууриа олсон, Монголдоо нэр нөлөөтэй, өөрийн гэсэн түүхтэй нам учраас зүй ёсоор оролцох нь ойлгомжтой. Өнгөрсөн 30 гаруй жилийн ялалт, ялагдал, амжилт, алдааг бүгдийг цэгнээд үзвэл, цөөн хэдэн гол зарчмуудыг хэлж болно. Миний хувьд манай Ардчилсан нам шинэ ирээдүйн хөгжлийн төлөө дэлхийн нийтийн хамгийн сайн жишээг Монголынхоо нутагт хөрсжүүлэх гэж байгаагийн хувьд иргэдийнхээ бодлыг засаж залруулж, шинэ үзэл бодлоо зөв тайлбарлах нь зүйтэй гэж боддог.

Ардын нам янз бүрийн санал дэвшүүлэхэд нь таалагдахын тулд дагаж өрсөлдөх биш зарим үед таалагдахгүй зүйлийг ч гэсэн зөв ойлгуулж өнөөдрийн тогтсон зарим буруу ойлголтуудыг иргэддээ тайлбарлаж чадах юм бол бид ялалт байгуулж чадна гэж харж байна.

-2012 оноос хойш АН тасралтгүй ялагдсан гол шалтгаан нь дотооддоо эв нэгдэлгүй байсан нь нөлөөлсөн гэдэг. Ирэх сонгуулиудад танай нам ялах хэмжээний эв нэгдэлтэй болж чадсан болов уу?

-Эв нэгдэл гэдэг өөрөө их сайхан үг л дээ. Өнөөдрийн ялагдлуудад их олон шалтгаан бий. Эв нэгдэл гэдэг нь нэгдүгээрт, цөөнх нь олноо хүндэтгэдэг, ялагдсан нь ялагдлаа хүлээн зөвшөөрч чадвал дараа нь иргэд, сонгогчдодоо тайлбарлахад ч хялбар байдаг. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд өрнөсөн үйл явц бол олон үл ойлголцлыг даван туулах л процесс. 36 жилийг хүн амьдралтай зүйрлэж яривал бараг амьдралынх нь тал нь байж байна.

Манай Ардчилсан намын дотор болж буй процесс бол өөрөө эрүүлжихийн хэрээр Монгол Улсаа “эрүүлжүүлэх” процесс тасралтгүй явж байна. Өнөөдөр ямар ч хэрүүл маргаан гарсан ч Монголоо эрүүлжүүлэх, өөрийгөө эрүүлжүүлэх процесс гэж хардаг. Цаашид энэ байдал улам сайжирна, эрүүлжинэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн 200 гаруй орны дотроос хамгийн шилдэг, үлгэр жишээ жишгүүдийг хэвшүүлж буй процесс.

-УИХ дахь АН-ын бүлгийг сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байгаа бол. Өнгөрсөн хугацаанд хамтарсан ЗГ-т орсон ч “хөөгдөөд” гарсан шүү дээ?

-Наадах чинь дундаж гэдэгтэй адилхан юм байна л даа. Чи баян хүн мах идэж байна, би ядуу хүн байцай идэж байна, дундажилвал байцайтай хуурга идэж байна гэдэг шиг юм болох гээд байна шүү дээ. Гэхдээ дундаж гэдэг юм байдаггүй юм аа. Чи олон түмэнд таалагдахын тулд ажиллаж байна уу эсвэл улс орныхоо төлөө зарим үед таалагдахгүй юмыг хүлээн зөвшөөрөөд УИХ-ын гишүүн болов уу гэдгээ хүн бүр дор бүрдээ бодох хэрэгтэй. Энэ утгаараа голж, өөлөх ч хүн байна. Магтаж, дэмжиж, бахархах ч хүн байна.

-Ер нь АН хамтарсан Засгийн газарт орсныг зөв гэж хардаг уу, буруу гэж хардаг уу. Хөөгдөөд гарсныг юу гэж боддог юм бэ?

-Ямар ч тохиолдолд зөв гэж үздэг. Яагаад гэвэл Засагт оролцохын тулд улс төрийн нам байдаг. Гэхдээ олонх нь илэрхий буруу бодлого явуулаад, хоорондоо таарахгүй “Шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг болоод, Үндсэн хууль зөрчсөн буруу бодлого явуулаад байвал тэрийг нь хэлээд гараад явах ёстой. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлсэнчлэн Монгол Улсынхаа төлөө хамтрах шаардлага байвал боломжтой үе бүрд нь манайх хамтрах ёстой. Боломжгүй бол шалтгаанаа хэлээд гараад явах нь зүйн хэрэг.

Түүнээс биш орох нь зөв эсвэл буруу гэдэг ганцхан хариулт байж болдоггүй.

-Танай нам хамтарсан ч “хөөгдөөд” гарсан. АН-ын дарга О.Цогтгэрэл “Хөөгдөөд гарсан учраас дахиж орохгүй” гэж яриад байгаа шүү дээ?

-Өнөөдөр би хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл олонх нь Монгол Ардын нам. Энэ намын үйл ажиллагааг харж ажиглах ёстой. Явж байгаа маргаануудыг харвал, дотор муухайрмаар зүйл сонсогдож байна. Үнэн худлыг нь жирийн ард түмэн шүүж чадахгүй байна. Хэн нэгнээ гүтгэж, доромжлоод, матаад байгаа юм уу эсвэл үнэхээр бодитой гэмт хэрэг хийсэн хүмүүсийг нууж хаацайлаад байгаа юм уу гэдгийг жирийн хүмүүс мэдэхгүй байна шүү дээ. Албан ёсоор шүүхээс шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргадаг хүмүүс нь ял хийгээд суусан байна уу эсвэл улс төрийн сөрөг үйл ажиллагааны үр дүнд ял эдлээд байна уу гэдгийг ч ойлгох боломжгүй байна.

Тийм учраас бие биенээ яллаад байгаа асуудлаа нэг талд нь гаргаж, үнэн хүмүүс үү гэдгийг мэдэж байж бид хамтрах үгүйгээ ярих ёстой.

-Сүүлийн нэг жилийн хугацаанд гурван ч Засгийн газар солигдлоо. Гүйцэтгэх засаглал ойр ойрхон солигдож буйн үр нөлөөг юу гэж харж байна вэ?

-Миний хувьд телевиз, сошиалаар явж байгаа маргаанд ач холбогдол өгдөггүй. Энэ бол зүгээр л Монголын дотоод асуудал. Би юу хардаг вэ гэхээр, Монгол Улс дэлхийн 200 гаруй улс орны дотор эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр сүүлийн 10 жил тасралтгүй “уруудаж” буйг л харж байна. Тэгэхээр өнөөдөр нэг л биш байна, энэ байдлыг өөрчлөх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Барилгын суурийн усыг Дунд гол руу нийлүүлж байжээ
Барилгын суурийн усыг Дунд гол руу нийлүүлж байжээ
 
ШУУД: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж байна
ШУУД: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!