
"Сэлэнгэ Бодонс" багтай 20 сая төгрөгийн хөтлөгчийн гэрээ байгуулсан Нийслэлийн 53 дугаар сургуулийн 7д ангийн сурагч Б.Алтан-Очтой ярилцлаа.
-Сэлэнгэ Бодонс багтай хэрхэн гэрээ байгуулах болсон бэ?
-Бодонс багийг 2024 оны арваннэгдүгээр сараас дэмжиж эхэлсэн. Ингэж явсаар 2025 оны гуравдугаар сараас бичлэг хийж эхэлсэн юм. Хийсэн бичлэгээ дандаа Наба ах руу /Л.Наранбаатар Бодонс багийн эзэн/ шэйрлэдэг байсан. Нэг өдөр Наба ах ямар гоё юм бэ гэж хариу ирүүлээд тоглолт үзэх эрх өгсөн. Тэгээд очиж үзсэн. Түүнээс хойш Наба ахтай харилцаатай болоод, Бодонсын тамирчдыг таньдаг болсон. Тэгээд л тоглолтуудаа алгасахгүй үздэг байлаа. Нэг л өглөө Наба ах над руу бичсэн. Ажил хийх үү гэхээр нь ямар ажил вэ гээд асуутал Бодонс багт хөтлөгчөөр ажиллаад сарын цалин 2 сая, нэг улирлын 20 саяын гэрээ байгуулъя гэсэн. Тэр өдөр ёстой их баярласан. Аав, ээждээ хэлтэл эхэндээ ерөөсөө итгээгүй. Чатаа харуулж итгүүлсэн.
-Яагаад Сэлэнгэ Бодонс багийг дэмждэг болсон юм бэ?
-Бодонсыг Н.Батбаяр ахаас болж дэмжиж эхэлсэн. Н.Батбаяр ах гурваас сайн шиддэг. Тэгээд Н.Батбаяр ахыг дэмжээд, нэг мэдэхэд Бодонсыг дэмждэг болсон.
-Сэлэнгэ Бодонс NBA-д тоглож байсан дэлхийн од тамирчныг легионероор авчирч тоглуулсан. Үүнийг хөгжөөн дэмжигчийн хувьд хэрхэн харж байв?
-Демаркус Казинс монголд ирснээр монголчуудад туршлага нь үлдэж, хуримтлагдаж байгаа байх гэж би бодож байгаа. Түүнийг сайн шингээж авах л хэрэгтэй.

-Анх хөлбөмбөгийн спортыг их сонирхдог байсан гэсэн?
-Аавтайгаа байнга хөлбөмбөгийн спортыг ярьдаг, Рональдо тийм юм байна гээд ярина. Тэгсэн аав хөлбөмбөг ярьсан чинь залхаад "Чи надтай сагс яривал би чамтай байнга ярина" гэхээр нь, мэдэхгүй яагаад ч юм гэнэт сагс руу орчихсон. Сагс тоглоод, Бодонсын фен болчихсон.
-Хөлбөмбөг сонирхож байгаад сагсанбөмбөгийн спортыг сонирхож эхлэхэд хэр сонирхолтой, өөр хоорондоо ямар ялгаатай спортууд санагдаж байв?
-Хөлбөмбөг ихэвчлэн шөнө гарна. Үүрийн 03:00 цагт гарна. Цаг таарахгүй. Олон гоол орохгүй, сүүлдээ уйтгартай санагддаг болсон. Үзэх ч тэр, тоглох ч тэр гоол бараг орохгүй уйтгартай. Тэгээд сагс үзтэл тохолт яваад л, гурваас шидэлт яваад л, маш олон оноо аваад л үнэхээр сонирхолтой санагдсан.
-Анх яаж хөлбөмбөгийн спортыг сонирхож эхэлсэн юм бэ?
-Анх хөлбөмбөг сонирхдог байсан. Өглөө сэрээд аавын утсыг үзнэ. Би тухайн үед утасгүй байсан юм. Аавын утсыг аваад фейсбүүк үзэж байтал Кристиано Рональдо гэж тамирчны зураг гарч ирээд, аав наадах чинь их сайн тамирчин гэж хэлж өгөөд, тэр өдрөөс хойш л спортод орчихсон. Хөлбөмбөг гадаа найзуудтайгаа тоглоод, тэмцээн уралдаанд ордог болсон. Тэгж л анх сонирхсон.
-Youtube хуудас бас хөтөлдөг юм байна лээ. Одоо нэлээд туршлагажсан байх шиг байна лээ?
-Анх Gremix, Түшиг ах нарыг үзээд би хийж үзье, яагаад болохгүй гэж бодоод хийсэн. Тэгж хийж эхлээд л өдий зэрэгтэй явж байна даа.

-Сэлэнгэ Бодонс багийн гэрээг хүлээж аваад ямар сэтгэгдэл төрж байв?
-Маш том хариуцлага ирж байна гэж бодож байгаа. Хариуцлагатай ажлаа хийнэ. Дуудах үед нь заавал очно. Ер нь маш их хариуцлага нэмэгдэж байгаа.
-Сагсанбөмбөгийн Бодонс академид хичээллэдэг юм байна. Хэзээнээс сагсанбөмбөгөөр хичээллэв. Тоглоод, тайлбарлаад, хөтлөөд явахаар тамирчны сэтгэхүйгээр сэтгэж тайлбарлалтад ч гэсэн туршлага болж өгч байна уу?
-2024 оны арваннэгдүгээр сард Бодонсыг дэмжиж эхлээд л шууд сагсанд орсон. Биеийн тамирын хичээл дээрээ эхлээд сагс тоглодог болсон. Дараа нь клубүүдэд ороод тоглож эхэлсэн. Тоглодог болсноор дүрэм, тактик гээд л спортын мэдлэг илүү сайжирсан.
-Энэ бүх ажил, тоглолт, бэлтгэл сургуулилт, бичлэг хийх зэргийн хажуугаар хичээлээ яаж зохицуулж байна вэ?
-Одоохондоо ажил арай эхлээгүй байгаа. Хичээлдээ яваад, бэлтгэлдээ яваад, хажуугаар нь бичлэгээ хийж эвлүүлнэ. Одоо ажил нэмэгдэхээр гурван юм зохицуулах болж байгаа.
-"Цалинтай сурагч" болсныг ангийнхан, багш нар нь хэрхэн хүлээж авч байна вэ?
-Багш нар зарим нь сайн мэдээгүй байгаа юм шиг байна лээ. Манай сургуулийн гуанзанд мантуун зардаг юм. Манай ангийнхан "Мантуун бууз авч өгөөрэй" л гэж байна лээ.
-Аав, ээждээ чатаа үзүүлээд итгэсний дараа юу гэв?
-"Мундаг байна, миний хүү" гээд л үнссэн.

-Гэр бүлээрээ Сэлэнгэ Бодонс багийг дэмждэг гэсэн. Чамаас болоод дэмждэг болов уу. Эсвэл угаасаа дэмждэг байсан юм уу?
-Би Бодонсыг дэмжээд л тэгээд дэмждэг болсон. Эхэндээ аав, ээж тоодоггүй байсан юм. Би дэмждэг багтай л гэдэг байсан. Сүүлдээ Наба ах намайг таньдаг болсон чинь Бодонсын араас орчихсон. Бүгдээрээ л Бодонс хожигдлоо гэвэл "Өө үгүй ээ" гээд л. Ямар нэгэн тамирчин нь оноо авахаар аав "Yes" гээд л үсэрч босоод сенсацтай байдаг болчихсон.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохоо төлөвлөсөн үү?
-Мэргэжлээ одоохондоо тодорхойлоогүй байгаа. Эхний ажилтай болчихлоо. Ажлаа сайн хийнэ. Ирээдүйд тамирчин болъё гэж бодож байгаа. Сэлэнгэ бодонс багтаа тоглоод багийн лидер болж MVP аваад, аварга авна. Ер нь мөрөөдөл зөндөө байна.
-Гэрээ байгуулсан багийн эзэндээ талархлаа хэлж амжсан уу?
-Сайн хэлж чадаагүй л дээ. Ташрамд, Наба ахдаа баярлалаа. Намайг дэмжиж байгаад маш их баярлалаа. Би анх Демаркус Казинсын талаар бичлэг хийгээд Наба ах үзээд, тикет өгч байсан. Би үзсэн. Бодонс багийн талаар аналистууд тоймын бичлэгүүд хийдэг болсон. Тэгээд Наба ах тикет өгөөд би байнга үзэж байгаа. Наба ахдаа маш их баярлалаа гэж хэлье.
-Анх дэмждэг багаа хажуугаас нь үзэхээр ямар санагддаг юм байна. Тэр тусмаа багийн эзний урилгаар хажууд нь суугаад үзэх ямар байв?
-Хажуугаас нь үзэх үнэхээр гоё байсан. Наба ах өөрөө фейсбүүкийн "од" шүү дээ. Од хүний хажууд суугаад дуртай зүйлээ үзэхээр үнэхээр гоё санагдсан.
-Сүүлд спортын ёс зүйн алдаа хийж эзний суудлаас нэг тоглолт бандуулсан. Тэр үед юу гэж бодож байв?
-Тийм үйлдэл гаргасан нь буруу. Наба ахаас яагаад тийм үйлдэл гаргасан юм бэ гэж би асуутал Сэлэнгэчүүд Сэлэнгэ рүүгээ яв гэсэн агуулгатай зүйл хэлэхээр нь тийм ёс бус үйлдэл гаргасан юм шиг байна лээ.
-Манайхны сошиал хэрэглээ бас л ёс бус хэллэг ихтэй шүү дээ. Чамд тиймэрхүү хандлагууд гаргаж байв уу?
-Намайг зөндөө хүмүүс хараалын үгээр доромжилдог байсан. Тэр хүмүүс маань л намайг өдий зэрэгтэй авч явж байгаа. Тэдгээр хүмүүс байгаагүй бол би өнөөдөр таван subscribe-тай л байж байх байх. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
-Багш нартаа, гэр бүлийнхэндээ хандаж хэлэх үг байгаа байх?
-Багш нартаа намайг сургаж байгаад баярлалаа. Ээж, аавдаа намайг төрүүлж өсгөж, энэ зэрэгт хүргэсэнд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!